Саудын Арабын гүнж Сара бинт Талал бин Абдель-Азиз Их Британиас орогнол хүссэн тухай “Дэйли телеграф” мэдээлэв. Их Британид амьдарч буй 38 настай гүнж тус сонины сурвалжлагчдад өгсөн ярилцлагадаа “Гэртээ буцаж очвол аминд минь халтай учраас тийшээ зүглэх хүсэлгүй байна” хэмээн өгүүлжээ. Саудын “Барби” гүнж хэмээгддэг Сара бинт Талал бин Абдель-Азиз бол тус Вант улсын үндэслэгчийн хайртай ач охин, эзэн хааны хамгийн хүчирхэг хөвгүүдийн нэгийнх нь охин юм. Саудын эрх баригч гэр бүлийн дотроос нөлөө бүхий гишүүн нь ил тод ийм зүйл ярина гэдэг Вант улсыг цочоохоор барахгүй дипломат маргаан ч үүсгэж мэдэх үйл явдал өрнөлөө.
Саудын нөлөө бүхий албаны хүмүүс өөрийг нь хулгайлж, ЭрРиядад аваачихаар төлөвлөөд зогсоогүй мөрдөн шалгах ажиллагааг маш сайн зохион байгуулалттай явуулах гэж байна хэмээн гүнж Сара мэдэгджээ. Саудын эрх баригчид түүнийг бие болоод сэтгэл зүйн хувьд доромжилж, дансны гүйлгээг нь царцаасан болохыг тэрбээр хэлэв. Өөрийн эцэг, хунтайж Талал бин Абдель-Азизтай маргалдсаны дараа 2007 оноос гүнж Их Британид аж төрөх болжээ. Үүний шалтгаан тодроогүй ч 80 настай аавынхаа өрсөлдөгч, хаан ширээ өв залгамжлах хунтайж Наейф бин Абдель-Азиз аль-Саудыг дэмжиж байсанд Улаан хунтайж хэмээх эцэг нь сэтгэл гонсойсон гэх яриа гарсан. 2012 оны сүүлчээр өв залгамжлагч хунтайжийг таалал төгсөхөд Сара ивээгчгүй болж хоцорчээ.
Сара гүнжийн эцэг нь шинэчлэгч үзэлтэй, тэрслүү нэгэн агаад 1960-аад онд хэсэг хугацаанд цөлөгдөж явсан. НҮБ-ын Хүүхдийн санд Элчин сайдаар ажиллаж байхад нь тэр аавтайгаа хамт дүрвэгчдийн хуаранд очиж байжээ. 2008 онд өмөн үүгээр нас барсан Сарагийн ээж түүний гурав дахь эхнэр. “Манай гэр бүлийнхэн альСаудын үлдсэн салаа мөчрөөс дандаа ялгарч ирсэн. Нээлттэй бөгөөд маргаантай. Бид Зул сарын баярыг тэмдэглэдэг” гэж гүнж ярилцлагадаа өгүүлжээ. Эрт хүнтэй суусан тэрбээр 20 гаруй насандаа нөхрөөсөө салсан байна. Эхлээд Котсуолдс, улмаар Лондонд шилжин суурьших зууртаа гүнж хүүхдүүдээ өөр дээрээ авах талаар хүсэлтээ шүүхэд мэдүүлсэн аж.
Гэвч гэр бүлийн бас нэг маргаан удалгүй дэгдэж, энэ удаа ах, хунтайж Турки бин Талал бин Абдель-Азиз альСаудтай бүрлээч эхийнхээ үлдээсэн 325 сая фунтийн хөрөнгийг хэн нь өвлөх вэ гэсэн асуудлаар заргалдаж эхэлсэн байна. Уг хөрөнгө нь банкин дахь хадгаламж, үнэт эдлэлээс гадна Саудын Араб, Швейцарь, Египет, Ливан дахь үл хөдлөх хөрөнгөөс бүрджээ. Гүнж өдгөө Лондоны таван одтой зочид буудалд дөрвөн хүүхэд, хоёр нохойн хамт хувийн бие хамгаалагчдаар хамгаалуулан хэд хэдэн өрөө хөлслөн амьдарч байгаа аж. Хөрөнгө мөнгө нь эрх баригчдын атганд орсон гэх түүний орлогын эх үүсвэр тодорхойгүй. Британийн Дотоод хэргийн яаманд орогнол хүссэн өргөдлөө өнгөрөгч баасанд өгөхөөр Сара төлөвлөжээ. Түүний өргөдөлдөө мэдүүлсэн баримт үнэн эсэхийг яамны ажилтнууд шал гаад хариу өгөх юм байна.
Хэрэв түүнд орогнол олговол Британи, Саудын хооронд дипломат маргаан дэгдэж болзошгүй. Учир нь, Саудын тал гүнжийг эх оронд нь буцааж авчрахыг оролдож байгаа. Тиймээс Британид оршин суух визийн хугацаа нь дуусахад тус улсаас албадан гаргаж болзошгүй. Хоёр жилийн өмнө үндэсний гадаад паспортынх нь хүчинтэй хугацаа дуусахад Саудын ЭСЯ шинийг олгохоос татгалзжээ. Тус ЭСЯ-ны дипломатч “Их Британид оршин суух, визний асуудлыг нь бид шийдвэрлэхийг оролдож бай на. Хувь хүний асуудал учраас Зас гийн газрын оролцоотой шийдвэр лэх боломжтой. Энэ бол улс төртэй холбоогүй асуудал” гэв.
Х.ЭНХ