ОХУ-ын Краснодарын хязгаарт ширүүн бороо орсны улмаас үер болж байна. Амралт жуучлалын Геленжик, Новороссийск, Кубанийн Крымийн дүүрэг гамшигт илүү нэрвэгдсэн тул онцгой байдал зарлажээ. Одоогийн байдлаар 155 хүн амиа алдсан бөгөөд хохирогчдын тоо цаашид өсөж магадгүй байна. 320 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсний дотор 48 хүүхэд байжээ.
Онцгой байдлын албаны мэдээлснээр, нийт 12 мянган хүн хохирол амссан бөгөөд цахилгааны болон хийн сүлжээ, усны суваг гэмтэж, автомашин, төмөр замын хөдөлгөөн зогссон аж. Түүний зэрэгцээ үерт автсан орон сууц, албан байгууллагын байрыг тоносон хэд хэдэн тохиолдлыг цагдаагийнхан илрүүллээ. Геленжикт амины 1400 сууц усанд автсан бол Кубанийн оршин суугчид ийм гамшиг дагуулсан үер өмнө нь болж байгаагүй хэмээн ярьж байна. Аврах ажиллагаанд цагдаа, хүчний байгууллагынхан, сайн дурынхан оролцож байгаа аж.
Крымийн дүүргийн цагдаагийн хурандаа Вячеслав Горбунов үерт өртсөн бүсэд хүн аврах гэж яваад амиа алджээ. Ерөнхийлөгч Владимир Путин нисдэг тэргээр гамшгийн бүс дээгүүр нисэж, нөхцөл байдалтай танилцсан байна. Тэрбээр үерт сүйдсэн орон сууцанд амьдарч байсан иргэдэд зориулан аюулгүй газарт шинэ сууц барихыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Цаг уурчдын мэдээлснээр, 16 цагийн дотор Геленжикт 280, Новороссийскт 275, Крымскт 220 миллиметр хур тунадас унасан нь сарын дунджаас 2-3 дахин их гэнэ.
Мөн ус зайлуулах систем муу байгаагаас их хохирол амссан хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ тэрбум рублиэр хэмжигдэж байна.
Х.ОД