Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй байх тангарагтай Монгол Улсын гаалийн байгууллагын ажилтнууд хуурамч бүрдүүлэлт хийж өгч, их хэмжээний самар хилээр гаргах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллагын ажилтнууд өнгөрсөн баасан гаригт илрүүлэн шалгаж эхэллээ. НХЭГ-ын эргүүлийн ажилтнууд Төмөр замын ачаа тээш ачдаг зам дээр тавьсан вагонуудад шалгалт хийгээд дөрвөн вагонд 100 гаруй тонн цайруулсан самар ачиж, заримыг нь лацадсан байхыг илрүүлэв. Биднийг өнгөрсөн баасан гаригт цагдаагийнхны шалгаж буй газарт очиход ачааны хэд хэдэн машин зогсоод вагонд ногоон шуудайтай зүйл их хэмжээгээр ачиж байсан юм.
Цагдаагийнхан “Шалгалт дөнгөж эхэлж буй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гээд алсаас ажиглаж байхыг зөвш өөрсөн. Харин энэ хооронд бид өөр нэг эх сурвалжаас зарим нэг мэдээллийг олж авсан юм. Уг дөрвөн вагон буюу 100 гаруй тн самрын эзэн нь Э.Ганхуяг гэдэг хүн аж. Тэрбээр гаалийнханд авлига өгсөн үү, эсвэл түүний ах дүү, хамаатан садан нь гаальд ажилладаг уу ямар нэгэн аргаар хуурамч бүрдүүлэлт хийж, гаалийнхны лацыг авч чадсан байжээ. Монгол Улсын хууль тогтоомж, төр засгийн холбогдох шийдвэрийг зөрчсөн энэ ноцтой хэрэгт Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын ажилтнууд холбоотой гэдэг нь сэжигтэн Э.Ганхуягийн үйлдлээс тодорхой харагдаж буй юм билээ. Тэрбээр гаалийнхнаас ямар нэгэн аргаар лац авчихаад Улаанбаатар төмөр замын холбогдох албаныханд ачаа ачих захиалга өгөхдөө “Их хэмжээний хаягдал цаас ачна” гэсэн хүсэлт тавьсан юм байна. Цагдаагийнхны шалгалт хийж буй газарт очиход вагонд их хэмжээний самар ачаад, улмаар хаягдал цаас гэж үнэмшүүлэхийн тулд шуудайлсан самрын наад хэсэгт нь хэдэн боодол цаас ачсан байжээ. Цагдаагийн ажилтнуудын шалгалтаар гаалийн улсын байцаагч нар Э.Ганхуягийн ачаанд ямар ч үзлэг хийлгүйгээр лацаа өгч явуулсан нь тогтоогдоод байгаа гэнэ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Байгаль орчны сайдын тушаалаар хуш модны самар хилээр гар гахыг хориглоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэвч самар их хэмжээгээр гаргахыг завддаг зохион байгуулалт тай монгол, хятад иргэд оролцсон бүлэг байсаар, хууль бусаар нэвтрүүлсээр байгаа юм. Өнгөрсөн өвөл л гэхэд ийм хууль бус сүлжээний хэрэгт цагдаагийн байгууллагын ажилтнууд оролцож, нэрээ сэвтээгээд амжсан билээ. Бүр тодруулбал, мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнууд, цагдаагийнханд хахууль өгөн хуурамч бүрдүүлэлтээр хил давуулахыг завдсан болон нэвтрүүлсэн 27 вагон самрын хэрэг нэг хэсэг дуулиан болсон. Уг хэрэгт 20 орчим хүн хэргийн сэжигтнээр шалгуулсан ч энэ хэргийн гол холбогдогч болох Халзангийн Амартүвшин гэгч мөрдөн байцаалтаас оргож, одоо болтол олдохгүй байгаа.
Түүнээс болоод Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрд өн байцаах албанд шалгаж байсан уг хэргийг шалгах ажиллагаа удаашраад байгаа билээ. Х.Амартүвшин нь хуурамч бүрдүүлэлт хийж хууль бусаар эд зүйл гаргах хил давуулах ажлыг нь гардан хийдэг байсан бөгөөд БНХАУын иргэдтэй холбогдон, дээрх 27 вагон самрыг жонш гэсэн нэрээр гаалийн хуурамч бүрдүүлэлт хийлгэсэн гэдэг. Тэдэнд хуурамч бүрдүүлэлт хийж өгдөг гаалийн байцаагчдын нэг нь Лхагвадорж гэдэг хүн байсан гэнэ. Контрбандын хэрэг үйлдэгчид жоншны нэгэн уурхайн эзнээс хилээр жонш гаргахад ашигладаг падаан их хэмжээгээр авч, түүнээ үндэслэн хуурамч бүрдүүлэлт хийлгэхэд ашигладаг байсан гэдэг. Харин энэ хэрэгт холбогдсон гаалийн байцаагч нар хуурамчаар бүрдүүлэлт хийж өгснийхөө дараа цагдаагийнханд “Бид жонш байхыг нүдээрээ харсан” гэж буй. Замын-Үүдэд галт тэрэг очиход гаалийн байцаагч, хилийн мэргэжлийн хяналтынхан, хил хамгаалах байгууллагын ажилтнууд албан үүрэгтээ хайнга хандаж, “Гүний гаалийн бүрдүүлэлттэй” хэмээн хэн нэгний хэлсэнд үндэслэн шалгалгүй явуулснаас Монгол Улсын эдийн засагт их хэмжээний буюу зах зээлийн ханшаар дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учраад байгаа.
Г.РАВЖАА