Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөл энэ сарын 4-нөөс онцгой байдал зарлажээ. Ирэх бямба гаригт ливичүүд сүүлийн 42 жилд анх удаа хууль тогтоох байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох сонгуульд оролцох аж. Санал хураалтын үеэр элдэв үймээн, халдлага гарахаас сэргийлэн, онцгой байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгаж байгаа нь энэ аж.
Сонгуулийн дараа Үндэсний шилжилтийн зөвлөл засгийн эрхийг Үндэсний ерөнхий конгресст шилжүүлэн өгөх юм. Үндэсний ерөнхий конгрессийн 200 мандатын төлөө улс төрийн нам, эвслээс 1206, бие даагч 2501 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд 2.8 сая иргэн саналаа өгөхөөр бүртгүүлээд байна. Гэвч сонгууль болсны дараа Засгийн газраа бүрдүүлэхэд сар хагасын хугацаа зарцуулах бололтой хэмээн ажиглагчид үзэж буй.
Х.Од