Францын хууль сахиулагчид Ерөнхийлөгч асан Николя Саркозийн гэр болон албаны байранд уржигдар өглөө нэгжлэг хийжээ. Түүнийг 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт нэлээд дээхнээс сэжиглэх болсон бөгөөд ийн шалгах нь гэсэн хүлээлт үүсээд байсан билээ.
“Le Monde” сонинд бичсэнээр, Цагдаагийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилтнууд, Бордогийн шүүгч Жан-Ми шель Жантиль нар Парисийн 16 дугаар тойрогт байрлах Монморанси эдлэнгийн орон сууц, экс Ерөнхийлөгчийн шинэ офисоос гадна “Арно, Клод ба түншүүд” хэмээх өмгөөллийн фирмийн байранд шалгалт явуулсан аж. Тус фирмэд Саркози хувьцаа эзэмшдэг юм байна.
Экс Ерөнхийлөгч өөрөө энэ үеэр Канадад гэр бүлийн хамт явсан байжээ. “Сэжигтний эзгүйд хийсэн нэгжлэг хий дэмий ажил болсон” гэж Саркозийн өмгөөлөгч Тьери Эрзог AFP-т мэдэгджээ. Ерөнхийлөгч асан 2007 онд Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөхдөө сонгуулийнхаа сурталчилгаанд зарцуулахаар Францын тэргүүн баян эмэгтэй, “L’Oreal”-ын эзэн Лилиан Бетанкураас хоёр, дөрөвдүгээр сард тус бүр 400 мянган евро бэлнээр авсан гэж хуулийн байгууллага сэжиглэж байгаа.
Гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл, дээрх мөнгийг тухайн үед Н.Саркозийн сурталчилгааны кампанийн санхүүг хариуцаж байсан, дараа нь Төсөв, хөдөлмөрийн сайд болсон Эрик Вертэд дамжуулсан байж болзошгүй нь. Хатагтай Беганкурын нягтлан бодогч асан Клер Тибу 2007 оны эхээр Эрик Вертэд 150 мянган евро өгснөө хүлээсэн аж. Улиран нэр дэвшээд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Н.Саркозийн Төрийн тэргүүний халдашгүй дархан эрх зургаадугаар сарын 16-наар дуусгавар болсон.
Х.ЭНХ