Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж буй Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг өлсгөлөн зарлажээ. Түүнийг албаны эрх мэдлээ хэтрүүлэн “урт нэртэй” хуулийг зөрчин нэлээд олон лиценз олгосон хэрэгт буруутгаж буй билээ. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард цагдан хорьсон юм.
Д.Батхуяг “192 тусгай зөвшөөрлийг олгоход миний буруу байхгүй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу хамгаалалтын бүс, ойн сангийн солбицлыг Засгийн газар тогтоох ёстой. Гэтэл Засгийн газар энэ 192 тусгай зөвшөөрөл олгох үед уг солбицлыг тогтоогоогүй, хаана солбицол тогтоох нь тодорхойгүй байсан” гэж өнгөрсөн өвөл мэдүүлж байсан юм.
Тэрбээр энэ удаад ч өөрийгөө гэм буруугүй гэж үзэж, суллахыг шаардан өлсгөлөн зарласан байна. Энэ талаар ШШГЕГ-ынхнаас лавлахад ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Харин АТГ болон НПГ-ын албаны эх сурвалж “Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан. Хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан эрүүл мэндийн байдалд нь хяналт тавьж байгаа” гэв.
Г.РАВЖАА