Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Бакийн ах И Сан Дыкийг тус улсын Дээд прокурорын газарт дуудсан тухай “Ренхап” мэдээллээ. Орон нутгийн банкуудын хууль зөрчсөн үйл ажиллагааг мөрдөн шалгахад нь хориг тавиулж, хариуд нь их хэмжээний авлига авсан хэрэгт И Сан Дыкийг буруутгаж байгаа аж. Тухайлбал, Solomon Savings банкнаас 2007-2010 онд 600 сая вон (500 мянга гаруй доллар), Mirae Savings банкнаас мөн хууль бусаар мөнгө авсан гэж хуулийн байгууллага үзжээ. Solomon Savings банкны Удирдах зөвлөлийн дарга асан Лим Сокийг энэхүү хэрэгт холбогдуулан 2012 оны тавдугаар сарын 15-нд саатуулсан бол, хөрөнгө мөнгөний эх үүсвэргүй болсноос банк нь үйл ажиллагаагаа зогсоожээ.
Мөн дээр дурдсан хоёр дахь банк ч хаагдаад байгаа аж. Үүний зэрэгцээ Kolon группээс И Сан Дыкт 150 сая вон (100 мянга гаруй доллар) төлсөн, түүний нарийн бичгийн даргын банкны дансанд 700 сая вон (612 мянган доллар) шилжүүлсэн зэргийн учрыг ч прокурорууд нягталж шалгахаар болсон тухай The Korea Times мэдээллээ. Байцаалт өчигдөр 10.00 цагт эхэлсэн агаад Ерөнхийл өгчийн ахыг баривчлан үргэлжлүүлэн шал гахыг про курорууд үгүйсгээгүй байна.
Х.Энх