Агаар бохирдуулж, нүүрс хүчлийн хий үйлдвэрлэж буй томоохон үйлдвэрлэгчдэд татвар ногдуулах шинэ хуулиа Австралийн Засгийн газар энэ сарын эхнээс хэрэгжүүлж эхлэв. Уг хуульд зааснаар агаар мандлыг нүүрсхүчлээр “баяжуулсныхаа” төлөө нэг тонн хаягдал тутамд 23 австрали доллар төлөх юм байна.
Тус улсын Засгийн газрын тооцоолсноор ийнхүү татвар ногдуулснаар 2020 он гэхэд агаарын бохирдлын дийлэнхийг эзэлдэг нүүрсхүчлийн ялгаруулалтыг 159 сая тонн хүртэл буулгах гэнэ. Энэ нь тус улсын замын хөдөлгөөнөөс 45 сая автомашиныг шахаж гаргасантай дүйцэх үр дүн аж. Австрали улс агаарын бохирдлоороо дэлхийд дээгүүрт ордог юм байна.
Ж.Хаан