Дорнод аймгийн Матад сумын нутаг, Мэнэнгийн талд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компанийг Баянзүрх дүүргийн шүүхээс байгаль орчинд хохирол учруулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйг нь тогтоож 1.3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулах шийдвэр гаргасан. Харин тус компанийн удирдлага үүнийг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан юм. Тус компанийнхан “Матад сумын байгаль орчинд учруулсан хохирлыг “Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ нэхэмжлэх эрхгүй. Харин эрх ашиг нь хохирсон, байгаль орчноо сүйтгүүлсэн Матад сумынхан өөрсдөө нэхэмжлэх ёстой” гэж давж заалдсан гэнэ. Мөн шүүх байгаль орчны нөхөн сэргээлтийн 1.3 тэрбум төгрөгийг сумын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь ямар хуулийн заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй гэжээ. Харин өчигдөр Нийслэлийн шүүхийн Иргэний танхимын шүүгчид уг хэргийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн шүүхийн нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүйг тогтоон, 1.3 тэрбум төгрөг Матад сумын төсөвт оруулах шийдвэрийг хэвээр үлдээжээ. Г.ЦОЛМОН