ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Монгол Улс 2014 онд ОХУын бүрэлдэхүүнд багтаж, автономит эрхтэй бүгд найрамдах улс нь болно” хэмээсэн мэдэгдэл өнгөрөгч долоо хоногт хийсэн тухай тус улсын “Фогньюс”, “Новолитика” зэрэг сайтад өгүүлжээ. Тэрхүү “мэдэгдлийг” эсэргүүцэж, хойд хөршийн нийслэл болон Тамбов, Эрхүү хотод оршин сууж буй Монголын 150 орчим иргэн жагсаал хийхээр төлөвлөж байгаа гэж манай өдөр тутмын зарим сонинд өчигдөр мэдээлсэн байна. Оросын сайтад нийтлэгдсэн дээрх өгүүлэл хэдий үнэмшил муутай ч барим тавин нотолсон хэд хэдэн баримт нь анхаарал татав. Мөн уг материалыг уншсан уншигчид тэрүүхэндээ “бяцхан” мэтгэлцээд авч. Сэтгэгдлээ бичиж үлдээсэн тэдний нэг хэсэг нь дээрх “мэдэгдлийг” эрс буруушаасан байхад, “ийм зүйл болох ёстой” гэсэн байр суурийг хуваалцсан, бас “Мэдээж Оросын Гадаад хэргийн сайд ингэж яриагүй” хэмээн итгэлтэй өгүүлсэн нь ч таарав. Юутай ч зургаадугаар сарын 29-нд нийтлэгдсэн уг өгүүллийн эхийг орчуулан, уншигч таны анхааралд толилуулъя.
Гадаад хэргийн сайд Сергей Лавров дуулиан тарьсан мэдэгдэл хийлээ. 2014 оноос Монгол Улс автономит бүгд найрамдах улсын эрхтэйгээр Холбоот Оросын бүрэлдэхүүнд орох нь. Визийн дэглэмээ өөрчилж, Орос-Монголын эдийн засгийн харилцаа ойртон нягтарсан нь (Монгол Улсын импортоор авдаг нефтийн 95 хувь нь ОХУ-д ногддог) үүний урьтал нөхцөл болсон аж. Холбогдох хэлэлцээрт Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Цахиагийн Элбэгдорж нар бүр 2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд гарын үсэг зурсан бөгөөд дөнгөж өчигдөр Оросын Холбооны зөвлөл, улмаар Ерөнхийлөгч Владимир Путин соёрхон баталлаа. “Ийнхүү нэгдэх нь Оросын хувьд маргаангүй ашигтай” хэмээн Лавров дээрх шийдвэрийг тодорхойлов.
“Хэдий Зөвлөлтийн үед Монгол Улс ЗСБНХУ-ын татаасын муж байсан ч өдгөө байдал өөрчлөгдсөн. “Синьхуа” агентлагийн мэдээгээр, 2011 онд ДНБ-ий өсөлт 17,3 хувьтай гарсан нь Монголыг дэлхийн эдийн засгийн үнэмлэхүй лидер болголоо. Тэгвэл мөн онд Хятадад ДНБий өсөлт ердөө 9.8 хувь, Орост 4.3 хувьтай тэнцжээ. Түүний зэрэгцээ Монгол 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн. Цагаачлалын бодлогын талаарх тусгай лан боловсруулсан хөтөлбөр энэ бүхэн дээр нэмэгдэх “эерэг” оноо. Цагаач ажилчид хэмээн нэрлэгдэгчид тэнд ажилтай болно. Үндэстэн хоорондын сөргөлдөөнөөс бид ийм замаар бүрэн ангижрах бололцоотой. Бас Монголын хүн ам зүйн нөхцөл байдал ч сайжирна. Эдүгээ Монголын бүх нутаг дэвсгэрт хоёр сая 755 мянган хүн амьдарч байгаа нэг ам.км нутагт 1.85 хүн ногдож буй хэрэг. Энэ нь Орос дахь хүн амын нягтшилаас найм дахин бага.
Дашрамд хэлэхэд, нүүдэлчин амьдралын хэв маягт дассан цыгануудыг ч тийш нь явуулах юм.” Монгол нь Орост молибден, улаан буудай, төмс, ямааны ноолуур экспортолж ирсэн уламжлалтай. 90 гэсэн дугаартайгаар Орост нэгдэх Монголын мужийн төрөлх хэл нь монгол хэл (кирилл бичигтэй) хэвээр үлдэж, дунд сургуулийн хөтөлбөрт орос хэлийг заавал үзэх хичээл болгон оруулна. Түүнчлэн Оростой нэгдсэний өдрийг Монголд нэгэн шинэ баяр болгон тэмдэглэх юм. 2014 оны тавдугаар сараас тэмдэглэж эхлэх уг өдөрт зориулан Улаанбаатарын төв талбайд 10 мянган үзэгчийн суудалтай павильон бариад эхэлжээ. Монголын соёлыг Орост түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Боловс ролын яам хөтөлбөр дэвшүүлээд байгаа юм. Уг хөтөлбөр гэрт амьдарч, айраг исгэх, Чингисийн үеийн чулуун хөшөө хамгийн эртний дурсгал нь болдог эртний Монголын уйгаржин бичиг зэргийг багтаасан.
Х.ЭНХ
Энэ асуудлаар УИХ-ын дарга Дамдины Дэмбэрэл “Орост Татар-Монголын дарлал хэмээн ярьдаг болсон тэр цагаас манай хоёр ард түмэн ижилсэх болсон. Үнэн хэрэгтээ энэ нь дарлал байгаагүй, хожмоо зориудаар салгасан аугаа хоёр соёлын харилцан ашигтай хамтын ажиллагаа байсан юм. Өдгөө бидэнд энэ холбоог сэргээх боломж гарч ирлээ. “Орос, Монгол ахан дүүс” гэдэг зүгээр ч нэг гоё хэллэг биш, энэ бол бодит байдал. Бидний судсаар нэг цус гүйж байгаа. Бид нэг л цустай. Хуучны гомдол аль эрт мартагдсан, эргээд бид хамтдаа байх болно. Энэ нь ч зөв” хэмээн ярьжээ.