Дэлхийн халуун цэгийн нэг Афганистан улс дахь террорист сүлжээний санхүүжилтийн гол эх үүсвэр нь хар тамхи, мансууруулах төрлийн бодисын тариалалт, борлуулалт. Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа алан хядах бүлэглэлийнхэн хар тамхины ургамал тариалах боломжтой бүс нутгийг мэдэлдээ авсан юм билээ. Ингэснээр алан хядах үйл ажиллагаа явуулах санхүүжилтээ олж авдаг болсон юм байна. Террорист бүлэглэлийнхэн тариачдаа айлган сүрдүүлж, амуу будаа тариалдаг талбайг нь булаан авч, түүгээр зогсохгүй өөрсдөөр нь хар тамхины төрлийн намуу цэцэг, каннабис, марихуан зэрэг ургамлуудыг тариулдаг юм байна. Түүнээс гадна иргэд нь ч өөрсдөө хар тамхи тариалах нь ашигтай, амархан мөнгө олж болдог гэж үзээд тариан талбайдаа мансууруулах бодис тарьдаг болжээ. Ямартай ч Афганистанд дэлхийн хар тамхины зах зээлд борлуулж байгаа героины 90 хувийг үйлдвэрлэж, марихуан их хэмжээгээр тариалдаг гэсэн. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд Афганистанд хар тамхины үйлдвэрлэл 28 хувиар буурсан гэж үздэг юм билээ.
Афганистан улсын үйлдвэрлэж байсан мансууруулах бодисын хэмжээ буурч буй шалтгаан нь цаг уурын өөрчлөлтөөс болсон гэж нутгийн иргэд ярьж байна. “Ган гачиг юмуу үер усны аюул болоход тариалан нь хэлмэгдэж ургац муудсан. Гэхдээ НҮБ-ын шинжээчдийн тооцоогоор дэлхийн зах зээлийг 2.5 жил бүрэн хангахуйц нөөц Афганистанд бий гэж ярьдаг юм билээ. Хар тамхины ургамал жирийн улаан буудайн талбайд ургадаг. Хэрэв мансууруулах бодисын тал байг сүйтгэвэл тариачид хүнд байдалд орно. Афганистаны хувьд гэхэд улаан буудайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл рүү гаргахад фермерүүдэд төдийлэн ашиг авчирдаггүй” гэж “Эггерс” баазад монгол цэргүүдтэй хамт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан афган цэрэг ярьсан юм.
Афганд үүрэг гүйцэтгэж буй гадаадын цэргийн баазад хар тамхи, мансууруулах төрлийн бодис оруулан хэрэглэх явдал байдаг гэсэн. Харин манайхны харуул хамгаалалтыг нь хариуцаж буй баазуудад ийм хортой зүйл байдаггүй юм билээ. Сурвалжлагч миний бие Афганистаны Бадакшан мужид очсон. Тус мужийг намуу цэцгийн эх орон гэж хэлэхэд буруутахгүй аж. Бадакшанд гуравдугаар сар гэхэд цас хайлж дулаан болдог. Тухайн үеэс л тариачид нь тариалалтаа эхэлдэг юм билээ. Биднийг тэнд очиход цэцэгс нь дэлгэрээд, зарим газар нь эхний хэсгийн ургацаа хураан авч борлуулсан байсан. Энэ муж сүүлийн найман жилийн дотор хар тамхины тариалалт огцом нэмэгдсэн бүс нутгийн нэг гэнэ. Түүгээр зогсохгүй хар тамхи боловсруулах олон тооны нууц лабораториуд байдаг гэсэн. Биднийг тус мужид очи ход дөрвөн ч нууц лабораторийг НАТО-гийн хүчний дайчид, Афганы үндэсний цагдаагийн албатай хамтран илрүүлж, устгасан юм. Түүний зэрэгцээ маш олон тариалангийн талбайг шатааж, намуу цэцгийг нь устгаж байв.
Хар тамхины лаборатори гэхээр шилэн хорго, ам хамраа тагласан масктай, цагаан халаадтай хүмүүс ажилладаг газар гэсэн төсөөлөл хүмүүст буудаг. Харин Афганд тийм биш. Чулуун хашаагаар хүрээлэгдсэн тагзнуудын дунд гал түлж, поошигтой зүйл чанасан, монголчуудын ааруулын тавиур шиг зүйл дээр мансууруулах бодисоо хатаасан тийм л газар байдаг юм билээ. Намуу цэцгийн булцуунаас гардаг зүйлийг цуглуулж, хураагаад орос цуу гэх мэт өөр бусад бодистой хольж, чанаж бо ловсруулдаг аж. Ингээд уг бодисоо бяслаг шахаж байгаа мэт даавуунд боож, шүүсийг нь шахан хатааснаар мансууруулах бодисын нэг төрөл опиум бэлэн болдог юм байна. Ингээд л дэлхийн зах зээлд гар гах ажилдаа ордог юм билээ. Хар тамхийг ихэвчлэн чинээлэг орнуу дын иргэд хэрэглэдэг. Харин ядуу буурай манайх шиг уур амьсгалтай орнуудад үйлдвэрлэдэг гэж афганчууд ярив.
Харин НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаныхны мэдээлж буйгаар хөгжиж буй орнуудад мансууруулах бодисын хэрэглээ, тэр дун даа хэтрүүлэн хэрэглэх хандлага түгээмэл ажиглагдах болсон. Ойрхи Дорнод, Азид хар тамхины үйлдвэрлэл өссөн гэнэ. Бидний очсон Бадакшан муж Афганы зүүн хойд хэсгийн уулархаг бүсэд оршдог.
Өндөр уулынхаа энгэрийг хагалан ямар нэгэн зүйл тарьдаг. Тэр дунд нь намуу цэ цэг нь ч байдаг юм билээ. Тус муж нь хойд хэсгээрээ Узбекистан, Тажикстан, зүүн хэсгээрээ БНХАУ, Пакистантай хил залгаа. Хил залгаа улсуудаараа дамжуулан хар тамхийг дэлхийн хар тамхины зах зээлд оруулан борлуулдаг юм байна.
Манайхны Казахстан, БНХАУ гээд олон орноор дамжуулан зөөж, олон оронд баригдан ял аваад байгаа хар тамхины эх үүсвэр нь Афганистан. Хил залгаа орнуудаар дамжуулсан хар тамхины нэг хэсэг нь ОХУ руу, нөгөө хэсэг нь БНХАУ руу ордог аж. ОХУ Афганистанд тариалдаг хар тамхины төрлийн бодисын хам гийн том хэрэглэгч болдог юм байна.
Зөвхөн 2008 онд ОХУ-д 70 гаруй тонн герион хууль бусаар хил нэвтрүүлсэн гээд бодохоор маш их хэмжээний хар тамхи Афганаас гарч байгаагийн илэрхийлэл. Афганистанаас ман сууруулах бодисыг ОХУ болон БНХАУ руу нийлүүлдэг 180 гаруй бүлэглэл байдаг гэсэн. БНХАУ ч ялгаагүй маш том зах зээл болдог бөгөөд хар тамхины хууль бус наймааны золиосонд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн бодолтой олон монгол хүн хэлмэгдэж, зарим нь Хятадын шүүхээс цаазын ял сонсоод буйг хэн хүнгүй мэднэ. Хар тамхины зах зээлд 65 тэрбум ам.доллар эргэлдэж, 15 сая гаруй хүн мансуурах донтой болж, үүний улмаас жил бүр 100 мянган хүн нас бардаг гэсэн судалгааг НҮБ-ын Хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан байдаг.
Хар тамхины төрлийн намуу цэцгийн боловсруулалтын татвараас Талибан хөдөлгөөнийхөн жил бүр 90-160 сая долларын орлого олдог юм байна. Афганистаны хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх ажиллагаа нь Төв Азийн оронд мансууруулах бодист донтох, хэрэглэх үйлдлийг улам нэмж, элдэв төрлийн өвчин дэгдээхэд гол нөлөө үзүүлж байна гэж НҮБ-ынхан зарлаад байгаа. Түүний зэрэгцээ хар там хины хэрэглээ хөгжиж буй орнуудад өсөж байгаа гэж НҮБ-аас гаргасан тайланд дурдсан. Хэдийгээр манай оронд хар тамхины замбараагүй хэрэглээ байхгүй ч мансуурагч цөөнгүй байгааг хар тамхи мансууруулах бодистой тэмцдэг төрийн болон төрийн бус байгууллагынхан мэдээлдэг. Хэрэв хэрэглээ даамжирвал цөөхөн монголчууд маань устаж үгүй болоход ойрхон болно гэсэн үг.
Хар тамхи тариураар хэрэглэгч хүмүүс гарын булчин, шилбэ гээд тарилгын шингэн тарьж болох бүхий л газраа зүүгээр хатгадаг. Эцэстээ хөл гарт нь тарилга хийх талбайгүй болдог, түүнийхээ хоронд шилбэнийх нь, тухайн хэсгийнх нь мах тасарч, яс нь ил гардаг юм байна. Эцэст нь түүнийг үхэл л тосон авдаг гээд бод доо. Хар тамхины аюул манай оронд их ойрхон байгаа гэдгийг хүн бүр ухамсарлаж байж, улс үндэстнээ аварч чадах билээ. Бид цаашид энэ төрлийн бодис хэрэглэгчид хэрхэн хордож байгаа, амьдрал нь хэрхэн төгсөж буйг хүргэх болно.