Египетийн шинэ Ерөнхийлөгч Мохаммед Мурси бямба гаригт тангаргаа өргөж, албан ёсоор ажлаа хүлээн авлаа. Хосни Мубаракийг огцорсноос хойш төр барьж байсан Зэвсэгт хүчний дээд зөвлөл шинэ Ерөнхийлөгчид эрх мэдлийг нь шилжүүлэн өгөв. Засгийн эрхийг шилжүүлэн өгөх ёслол Каираас холгүй цэргийн баазад болжээ.
Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн тэргүүн, маршал Хусейн Тантави “Түүхэн цаг үед бид ард түмнийхээ эрх ашигт нийцсэн сонголт хийж чад лаа” хэмээн онцолсон байна. Мохаммед Мурси хүнд хэцүү үед ард түмнийг хамгаалсан цэргийнхэнд хандан талархлаа илэрхийлжээ. Тэрбээр энхийн замаар засгийн эрхийг шилжүүлсэн энэ түүх бусдад үлгэр жишээ болж чадна хэмээн өгүүлжээ.
Төрийн шинэ тэргүүн хоёр хоногийн дотор гурван удаа Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна. Баасан гаригт тэрбээр Каирын төвд Тахририйн талбайд тангараг өргөсөн бөгөөд ёслолд түүнийг дэмжигч хэдэн мянган хүн цуглажээ. Тэрбээр бямба гаригт Үндсэн хуулийн цэцийн өмнө тангараг өргөсөн бол, гурав дахь удаад Каирын их сургуулийн индрээс цэрэг, улс төр, нийгэм, шашны зүтгэлтнүүдийн өмнө тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын үеэр тэрбээр ардчилсан улс байгуулахын төлөө нийгэмд шударга ёсыг тогтоож, эрх чөлөө, иргэний эрхийг дээдлэн ажиллахаа илэрхийлэв. Үүнээс гадна Ерөнхийлөгч эдийн засгаа хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг сэргээх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах гэнэ.
Египетийн Үндсэн хуулийн декларацид (түр Үндсэн хууль) зааснаар, Төрийн тэргүүн нь Ерөнхий сайдыг томилох, гадаад болон дотоод бодлогыг ерөнхийд нь тодорхойлох, улс орноо олон улсын тавцанд төлөөлөх эрхтэй.
Х.ОД