Акита ину хэмээх энэ үүлдрийн ноход Японд 8000 жилийн өмнөөс амьдарч байжээ.
-XIX зууны сүүлч, XX эхэн үеэр Японы хойд мужуудад акита инуг дог, мастиф, пойнтер зэрэг европ үүлдрийн ноходтой үржилд оруулж, эрлийзжүүлжээ.
-1920-иод онд акита инуг хамгаалах AKIHO, япон нохойг хамгаалах NIPPO хэмээх хоёр байгууллага үйл ажиллагаа явуулж байсан.
-Дэлхийн II дайны үеэр олон тооны акитаг устгажээ. Дайны дараа AKIHO нийгэмлэгээс зохион байгуулсан нохойн үзэсгэлэнд ердөө 22 акита ину оролцжээ.
Японы Акита мужийн Одате хотод 1923 онд акита ину үүлдрийн нэгэн гөлөг төржээ. Эзэндээ үнэнч, түүнд нь азгүй явдалд тохиолдсон үед орхиод явж үл чадах нохойн түүх тэндээс эхэлсэн аж. Хэдхэн өдрийн дараа гөлгийг Токиогийн ойролцоох Шибүя хот руу, шинэ эзэн рүү нь илгээсэн байна. Токиогийн Эзэн хааны их сургуулийн профессор Эйшабүро Үэно акита гөлгөөс гадна долоон нохойтой байжээ. “Отгон” нохойгоо тэрбээр Хачи (Хачико) гэж нэрлэв. Профессор Үэног ажилдаа явахад Хачи төмөр замын Шибүя өртөөнөөс үддэг байж. Орой 17.00 цагт эзнийгээ ирэхэд нь мөнөөх л өртөөн дээрээ угтана. Амралтын өдрүүд, баяраар тэд бие биеэсээ холдохгүй.
1925 оны тавдугаар сарын 21-нд Үэно ажил дээрээ нас баржээ. Профессорын цогцсыг гэрт нь хүргэсэн шөнө Хачи шилэн хаалгыг нь хагалан өрөөнд орж, нас барсан эзнийхээ хөлд хэвтсэн гэдэг. Эйшабүро Үэног оршуулсны дараа төрөл төрөгсөд нь нохойг Токиогийн зүүн хэсэг рүү авч оджээ. Гэвч Хачи хотын нөгөө захад орших гэр рүүгээ байнга гүйдэг байж. Жилийн дараа нохойг профессорын цэцэрлэгч байсан хүнд өгсөн байна.
Хачи өглөө бүр хуучин гэрийнхээ гадаа очиж, дараа нь эзнээ үддэг байсан өртөө рүү явдаг байлаа. Төмөр замын станцад байгаа хүн бүрийг анхааралтай ажигладаг бөгөөд зөвхөн өлссөн үедээ цэцэрлэгчийнд ирдэг байсан гэнэ. Хэзээ ч эргэж ирэхгүй болсон эзнээ харуулдах үнэнч нохойн тухай яриа ам дамжин түгэв. 1932 оны есдүгээр сард Японы “Ашахи Шимбүн” сонинд Хачикогийн тухай нийтлэл гарчээ. Түүний дараа нохой тэжээгч нарт зориулсан тусгай сэтгүүлүүдэд ч үнэнч Хачийн амьдралын талаар бичиж эхэлсэн аж. Нохойн түүхийг сонссон уран барималч Тэрү Андо Хачийн дүрс бүхий хүрэл баримал цутгаж, Шибүягийн өртөөний тасалбар зардаг байрны өмнө суурилуулсан.
(Шибүя өртөөн дэх Хачийн хөшөө.)
Хөшөөний нээлтийн ёслолд Үэногийн ач хөвгүүдээс гадна Хачи байжээ. Түүнээс жилийн дараа 1935 онд Хачи өртөөнд нас барсан юм. Тэр 11 жил наслахдаа есийг нь эзнээ хүлээн өнгөрүүлсэн гэдэг. Нохойн чандрыг профессор Үэногийн булшны дэргэд үлдээн, арьсаар нь Токиогийн үндэсний музейд чихмэл хийжээ. Хачийг нас барсны дараа олон сонин, сэтгүүл нохойн талаар бичиж, түүгээр ч барахгүй “Үнэнч нохой Хачи” хэмээх дуу зохиосон билээ.
Японы акита хэмээх үүлдрийг дэлхийд нэрд гаргаж, алдаршуулсан нь Хачийн түүх билээ. 1920-иод оны үед акита ину үүлдрийг хадгалж үлдэх хоёр байгууллага ажиллаж байсан бөгөөд 1931 онд ийм үүлдрийн нохдыг “Байгалийн өв”-д бүртгэсэн байна. 1937 онд Япон, Манжуурт хүмүүнлэгийн үйлст зүтгэж байсан Хелен Келлер хэмээх америк эмэгтэй Акита мужид очоод акита ину үүлдрийн нохой харахыг хүсчээ. Түүнд хоёр сартай, Камиказе нэртэй гөлгийг бэлэглэжээ.
Америк хүртэл далайгаар аялах замд гөлөг үхэж, япончууд хатагтай Келлерт Камиказегийн ах Кэнзаныг илгээснээр тэр Эрх чөлөөний оронд хөл тавьсан анхны акита ину болсон юм. Хачийн хүрэл хөшөөг уран барилгын бусад дурсгалын хамт 1944 онд цэргийнхний хэрэгцээнд зориулан худалдахаар хураан авсан аж. Дэлхийн II дайн дууссаны дараа Тэрү Андогийн хүү Такэши Хачийн хөшөөг цутгасан гэнэ. 1987 онд “Хачикогийн түүх” нэртэй уран сайхны кино дэлгэцэнд гарсан юм. Нэрт жүжигчин Тацүя Накадаин гол дүрд нь тоглосон энэ кино зөвхөн Японд л гэхэд дөрвөн сая иений (50 сая ам.доллар) орлого олсон.
Төмөр замаар зорчих тасалбар дээр зөвхөн Хачийн ч биш, мөн акита ину үүлдрийн нохдын зургийг хэвлэж байлаа. Мөн Хачийн зурагтай шуудангийн марк ч гарч. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид ч хоцорсонгүй, Шибүяд “Хачикогийн мөрөөр” нэртэй автобусны аяллын маршрут бий болгов. Эзэндээ үнэнчээрээ нэрд гарсан акита ину нохойн тухай бас нэгэн яриа бий.
1604 онд Шадарокү нэртэй анчин Широ нэртэй нохойтой байжээ. Тэрбээр нэгэн удаа анд явахдаа амьтан агнах зөвшөөрлийн бичгээ гэртээ мартаж орхисон байв. Буга агнасан анчныг цагдаа нар саатуулж, шорон руу авч явжээ. Широ гэртээ ганцаараа ирэхэд Шадарокүгийн эхнэр нөхөртөө золгүй явдал тохиолдсоныг мэдэрсэн гэдэг. Анчны эхнэр ангийн зөвшөөрлийн бичгийг олж, нохойн хүзүүвчинд зүүгээд явуулж. Широ эзнийхээ мөрөөр мөшгисөөр олоод очсон ч эзнийг нь цаазалсан байжээ.
Х.Од