Испанийн Бадалона хотын Эрүүлийг хамгаалах зөвлөлийн дарга Давид Гомес гэр, албан байгууллагынхаа орчимд шумуул бөөгнүүлсэн хүмүүст торгууль ногдуулах болсон тухайгаа мэдээлжээ. Тус улс болон тухайн бүс нутагт аedes albopictus зүйлийн шумуул элбэг бөгөөд үүний улмаас жил бүр төрөл бүрийн халдварт өвчин их тархдаг юм байна.
Бадалона хотын Захиргаа уг шумуулын хөнөөлийн талаар болон хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах зэрэг зөвлөмж, сурталчилгаанд зориулан жил бүр олон мянган песо зарцуулдаг нь эдийн засгийн хямралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг аж. Хар, цагаан судал бүхий эл шумуулыг нутгийнхан “алуурчин” хэмээдэг гэнэ. Цөөрөм, тогтмол ус бол “алуурчин” үржиж, амьдрах хамгийн таатай орчин болдог байна.
Тиймээс Давид Гомесийн мэдээлснээр гэр болон байгууллагынхаа орчимд буй усны сав, торх, ашигладаггүй бассейн зэргийг ариутган, цэвэрлэж, шумуул цугларах боломжийг үгүй хийх ёстой. Тэрбээр “Иргэдэд шумуулын аюулын талаар мянга хэлээд нэмэргүй байгаа тул халдвар тараагчдад таатай орчин бүрдүүлж өгсөн хүнийг торгох нь хамгийн зөв арга” хэмээжээ. Хотын Эрүүлийг хамгаалах зөвлөлийн баталсан журмын дагуу ойр хавиараа шумуул цуглуулсан хүнийг 400 еврогоор торгох юм байна.
Ж.Цэцэг