Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Болд-Эрдэнэд холбогдох хэргийг уржигдар хянан хэлэлцэв. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын 27-нд Төв аймгийн Сэргэлэн сумын V багийн нутаг Далан шар хэмээх газарт бөөгийн зан үйл хийж байгаад иргэн Н-ыг уураар түлж, аминд нь хүрсэн юм.
Төв аймаг дахь сум дундын шүүх дээрх хэргийг өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд, бусдыг болгоомжгүйгээр хөнөөсөн гэж үзээд Эрүүгийн хуулийн 94.1 дэх хэсэгт зааснаар гурван жил хорих ял ногдуулсан. Төв аймгийн шүүх энэ хэргийг тавдугаар сарын 1-нд хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Улсын дээд шүүх ч мөн ялыг хэвээр ногдуулжээ.
Тэрбээр хохирогчийг эсгийнд ороогоод, халуун усанд хөлийг нь дүрэн суулгаж, ус руу улайссан чулуу хийж байжээ. Хохирогч “Амь авраарай” хэмээхэд бөөгийн шүтээн заларч байна хэмээн төрөл төрөгсдийг нь тайвшруулж байсан гэнэ.
Б.БЯМБА