ОХУ ойрын таван жилд хувьчлах компаниудын жагсаалтыг гаргалаа. 2017 оноос өмнө бүрэн хувьчлах компаниудын жагсаалтад “Роснефть”, ВТБ, “Русгидро", “Интер РАО”, “Зарубежнефть” зэрэг 14 компани багтсан тухай “Ведомости” мэдээлжээ. Түүнээс гадна Засгийн газрын мэдэлд байдаг дөрвөн компанийг хэсэгчлэн хувьчлах аж.
Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворковичийн хэлснээр, дээрх компаниудыг хувьчилснаар улсын орлого 1.5 хувиар нэмэгдэх бол, энэ оны хувьчлалаас 450 тэрбум рублийн ашиг олох гэнэ. Түүний зэрэгцээ Их Британийн “Бритиш Петролеум” (ВР) компани “Роснефть”-ийн хувьчлалд оролцохоор Оросын эрх баригчидтай хэлэлцэж байна. Хэрэв хоёр тал тохиролцож чадвал ВР хойд туйл дахь газрын тосны ордод үйл ажиллагаа явуулах эрхтэй болох аж. Гэвч ОХУ-ын Шадар сайд Игорь Шувалов “Роснефть”- ийн хувьчлалын талаар тодорхой төлөвлөгөө байхгүй гэжээ.
Харин “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин компанийн хувьцааны үнэ 2006 оныхоос давж өссөн тохиолдолд хувьчлах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн байна. Тухайн үед уг компанийн нэг ширхэг хувьцаа 7.55 ам.доллар буюу 203.24 рублиэр арилжаалагдаж байсан аж. Дашрамд өгүүлэхэд, “Роснефть”- ийн 75.16 хувь төрийн өмчид байдаг.