Владимир Путин Ойрхи Дорнодод хийх аяллынхаа гарааны цэг болгон, Тель-Авивт даваа гаригт хүрэлцэн очжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр хоногт Израиль, Палестинаас гадна Иорданд айлчилна. Сири, Ираны талаар Оросын баримталж ирсэн “хамгааллын” шинж чанартай байр суурийг тэнцвэржүүлэх зорилготой энэхүү айлчлалыг холбон тайлбарлах шинжээч цөөнгүй байна. Бен-Гурионы нэрэмжит нисэх онгоцны буудалд буумагцаа Оросын удирдагч амралт, сувиллын Нетания хотыг зорьж, дэлхийн II дайнд оролцсон Зөвлөлтийн Улаан армийн дайчдын дурсгалыг мөнхжүүлэх хөшөөний нээлтийн ёслолд оролцжээ. Нээлтийн ажиллагаанд Израилийн Ерөнхий сайд Беньяамин Нетаньяху оролцоно гэж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар айлчлалаас хэд хоногийн өмнө татгалзсан гэнэ. Тэрбээр энэхүү хөшөөг босгох санаачилга гаргасан юм. Айлчлалыг эсэргүүцэж, 50 орчим хүн Нетаниягийн гудамжинд жагссан гэж “Эхо Москвы” мэдээлэв.
Дээрх ёслолд оролцсон оюутан Леонид Шевелёвын өгүүлснээр, В.Путин дээрх ёслолд цаг гучин минут хоцорсон агаад ахмад дайчид гээд тэнд цугласан олон задгай талбайд халуун наранд төөнүүлж хэцүүдсэн гэнэ. Харин яагаад хожидсоны шалтгааныг тайлбарласангүй. Дараа нь В.Путин Израилийн Ерөнхий сайдын Иерусалим дахь өргөөнд Беньямин Нетаньяхутай хэлэлцээ хийв. Хэлэлцээний дараах товч мэдээллээс үзвэл, талууд хоёр талын хамтын ажиллагааны асуудал, Ойрхи Дорнодын бүс нутаг, түүний дотор Сири, Иран, Египетийн байдлыг авч хэлэлцжээ. Иран, Сирийн асуудлыг дан ганц яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой. Хүч хэрэглэх аргыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэж үзэж буйгаа энэ үеэр Оросын удирдагч илэрхийлэв.
Израильтай нөхөрсөг харилцаатай гэдгээ ийн харуулах нь дээр дурдсанчлан Ойрхи Дорнодын бүс нутаг дахь Оросын имижийг өргөхөд тустай гэж зарим шинжээч үзэж байна. Израилиас Москвад сууж асан Элчин сайд, өдгөө Тель-Авив дахь Үндэсний аюулгүй байдлын хүрээлэнгийн шинжээч Цви Маген “ОХУ Ойрхи Дорнодод шинэ түнш олохыг сонирхож байна. Исламистуудын нөлөө нэмэгдэж байгаад сэтгэл түгшсэн Орос арабын ертөнцөд өөрийгөө ганцаардмал болсон мэтээр мэдэрч буй” гэж хэлжээ. Тэгвэл BBC-гийн ажиглагч Жонатан Маркус “Сири, Ирантай нягт холбоотой нь Орост түвэг удаж байгаа. Тиймээс Израиль, Палестиний автономид хийх айлчлал нь ОХУ-д Ойрхи Дорнодын талаарх бодлогоо өөр өнцгөөс харуулах бололцоо олгоно” хэмээн үзэж байна.
Оросын Төрийн тэргүүний Ойрхи Дорнодод хийж буй айлчлалд Израилийн хэвлэл онцгой анхаарал хандуулж байна. “Иерусалим пост”-д гарсан өгүүлэлд “Израилийн эргэн тойрон дахь дайснуудтай ОХУ эдийн засаг, цэргийн чухал холбоо тогтоосон. Гэсэн хэдий ч сүүлийн 25 жилд манай хоёр орны харилцаа бодитой сайжирсан. ЗХУ-аас ялгаатай нь, өнөөгийн Орос еврейн улсыг ганхуулах хүсэлгүй болсон. Бодитой оршин буй санал зөрөлдөөн байх нь байгаа. Гэвч энэ нь юуны түрүүнд Ойрхи Дорнод дахь АНУ-ын нөлөөллийг сөрж зогсох гэсэн Москвагийн хүсэл зорилгоос улбаатай хөндлөнгийн үр дагавар” хэмээн тэмдэглэсэн байна. Улс төрийн тавцанд хэдий санал зөрүүтэй асуудал байдаг ч Израиль, ОХУ соёлын талаар зузаан харилцаатай.
Хуучин ЗХУ-аас нэг сая гаруй иргэн Израильд цагаачилсан. В.Путин өчигдөр Палестиний автономийн Ерөнхийлөгч Махмуд Аббастай Иордан голын баруун эргийн Бетлехэм хотноо уулзахаар товлоод байв. 2010 онд зогссон энхийн хэлэлцээгээ сэргээх хүсэлтэй буйгаа ноён Нетаньяху Оросын удирдагчаар дайж М.Аббаст дуулгахыг хүсэв. Иорданы баруун эрэг, Зүүн Иерусалимд еврейн суурин өргөжүүлэхээ зогсоохоос наана Израильтай ярилцахгүй гэж Палестин мэдэгдэж ирсэн юм. Улмаар В.Путин Иорданыг зорьж, Абдулла хаантай золгоно.
Х.ЭНХ