Сингапур улсын сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалт болох орчин үеийн баянбүрдийн тохижилт дуусаж, энэ сарын 29-нд нээлтээ хийх гэж байна. Нийт нэг ам км талбай эзлэх “Бей Сайс” цэцэрлэгт хүрээлэнг орчин үеийн баянбүрд болгон тохижуулахад нэг тэрбум ам.доллар зарцуулжээ. Тус хүрээлэнгээр зугаалахад онгон тансаг байгальд явж буй мэт сэтгэгдэл төрөхөөс гадна дэлхийн техникийн өндөр хөгжлийг харах боломжтой. Баянбүрдийг тойруулан байршуулсан 50 метр өндөртэй 18 супер мод цэцэрлэгт хүрээлэнг дэлхийд алдаршуулах гэнэ.
Супер моднуудын 11 нь нарны гэрэл хуримтлуулж, эрчим хүч үйлдвэрлэнэ. Шөнө нь гэрэлтэж, орчин тойрноо чимнэ. Үүнээс гадна модны оройд агаарын температур тохируулагч байрлуулжээ. Энэ технолог нь хэт халуун өдөр дулааныг өөртөө шингээн, агаарын хэмийг тогтворжуулах юм байна. Харин үлдсэн долоон мод борооны ус хуримтлуулах үүрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэнгийн дунд хиймэл нууртай бөгөөд амьд байгалийг цогцлоохын тулд дэлхийн өнцөг булан бүрээс 220 мянган төрлийн ургамал авчран тарьсан гэнэ.
Р. Сондор