Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн гурвын дөрөв, тав дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцлээ. Шүүгдэгчид нь 25-30 орчим насны залуус, тэдний нэг Э.Золбоо нь эмэгтэй.
Хэрэгтнүүд Зүүн өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт элсэн хоёр жилийн турш Монголоор дамжуулан бусад улс оронд мансууруулах бодис тээвэрлэдэг байсан нь тогтоогджээ. Тэдний нэг Э нь БНХАУ руу хар тамхи зөөж яваад баригдан тус улсын шүүхээс цаазын ял сонссон байна. Түүний ээжийнх нь гомдлоор эдгээр хүмүүсийг манай хууль хяналтын байгууллагынхан баривчилжээ.
Улсын яллагч Н.Отгонцэцэг “Шүүх хуралд оролцох гэрч хүндэтгэх шалтгаанаар Налайх дүүрэгт байгаа. Ирэх боломжгүй гэдгээ утсаар мэдэгдсэн. Шүүх хурлыг гэрчгүйгээр хийхийг татгалзаж байна” гэв. Шүүгдэгчдийн өмгөөлөгч Ж.Энхтуяа “Гэрч Цэцэгчимэг нь хавтаст хэргийн 215-217 талд мэдүүлэг өгсөн. Тиймээс гэрчийг шүүх хуралд өөрийн биеэр оролцуулах хэрэгтэй гэж үзэж байна” гэж өгүүллээ. Мөн БНХАУ-д цаазын ял сонссон Э-гийн ээж ирсэнгүй. Тиймээс шүүгчид өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг долоодугаар сарын 6-ныг хүртэл хойшлууллаа.
Э.ЦЭЕНДЭРИЙ