“Fox news” телевизийн сэтгүүлч, 52 настай Грег Беркийг Ватикан олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхийн ажилд авсан тухай Католик шашны сүмийн өндөр албаны эх сурвалжаас АР мэдээлэв. Хэвлэл, телевизэд ажиллаж байсан туршлагатай цорын ганц хүн Гэгээн ширээт улсын хэвлэлийн албанд зүтгэх болсон нь энэ аж. Ромд 2002 оноос “Fox news” -ийн Европ болон Ойрхи Дорнодын сурвалжлагчаар ажилласан Грег Берк үүний өмнөх 10 жилд “Таймс” сэтгүүлийн сурвалжлагчаар Италид ажиллаж, амьдарч байсан нэгэн.
Харин Ватиканы хэвлэлийн нарийн бичгийн даргаар Федерико Ломбарди урьдынхаараа үлдлээ. Ф.Ламбардийн хэлснээр, Берк Ватиканы яамдын хооронд болон тэдгээрийн гадаад ертөнцтэй тогтоосон харилцаанд уялдаа холбоо, зохицуулалтын үүрэг гүйцэтгэх юм байна. XVI Бенедикт Ромын католик шашны тэргүүнээр сонгогдсон 2005 оноос Ватикан хийгээд хэвлэлийнхний хоорондын харилцаа түвэгтэй болсон. Энэ бэрхшээлийг мэргэжлийн сэтгүүлч арилгана гэж найдаж байгаа аж. Папын өрөөний үйлчлэгч Паоло Габриэле түүний хувийн баримт бичгийг хулгайлж, хэвлэлд дамжуулсан болох нь 2012 оны хавар тодорхой болсон.
Холокостыг үгүйсгэсэн санваартныг 2009 онд Пап гэсгээж, эрх ямбыг нь хасаж байв. Үүнээс гурван жилийн өмнө Католик сүмийн тэргүүний үгийг лалын ертөнцөд дайсагнах хандлагатай хүлээн авч байжээ. Ватиканд олон нийттэй харилцах үр дүнтэй стратег байсан бол дээрх дуулианаас улбаалан католик сүмийн нэр хүндийг дайрсан сүүдрээс зайлсхийх боломж байсан гэж зарим шинжээч үзсэн юм.