Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноосон гурван хэргийг хэлэлцлээ. Хуралдаанаар 2011 оны долоодугаар сарын 6-нд Хүй долоон худгийн орчимд гэр бүлийн хүмүүсийг хөнөөсөн А.Баянмөнхөд холбогдох хэргийг хэлэлцээд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс ногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээлээ.
Тэрбээр Төв аймгийн Аргалант сумын Хүйтний Хонхорхойн адаг гэх газарт өс хонзон санаж, иргэн М-ыг олон удаа хутгалж, эхнэр С-ийг олон удаа цохиж хөнөөн, гэрт байсан нэг ой есөн сартай ач хүүг нь хүнд гэмтээж бүрэлгэхийг завдсан юм. Тэрбээр уг хэргийг үйлдсэнийхээ дараа гэрийн эзний эмээл, хазаартай морь, дээл, малгай, бүс, гутал зэргийг хулгайлсан.
Мөн шөнөдөө Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгой гэх газраас иргэн Б-гийн 18 адууг хулгайлж 8.5 сая төгрөгийн хохирол учруулжээ. Уг хэргийг үйлдэхийнхээ өмнө буюу 2011 оны зургаадугаар сарын 25-26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн Б, Ц нарын 37 адууг хулгайлж, 12 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан юм. Мөн Ш.Адилбек, К.Ерлан, Ж.Ганибет нарт хол богдох хэргийг хэлэлцээд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс тэдэнд оноосон цаазын ялыг хэвээр үлдээв. Ш.Адилбек нь К.Ерлан, Ж.Ганибет нартай бүлэглэн урьдчилан тохиролцож, 2011 оны дөрөвдүгээр сарын 14-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Х, Б нарт ноолуур өгнө гэж худал хэдэн дагуулж яваад хөнөөж цогцос, “УАЗ- 31514” маркийн машин, дотор нь байсан ноолуур, бэлэн мөнгө зэргийг шатаасан хэрэг үйлдсэн юм. Ш.Адилбек нь хэрэг үйлдсэнийхээ дараа Ховд аймгийн Булган сумын нутаг, Ярантын боомтоор БНХАУ руу оргож, улмаар хил зөрчин Монголд орж ирсэн хэрэг үйлдсэн аж.
Энэ хуралдаанаар Г.Бямбадоржид холбогдох эрүүгийн хэргийг хянаад гурван шатны шүүхээс оноосон ялын дээд хэмжээг хэвээр үлдээлээ. Г.Бямбадорж 2009 оны есдүгээр сарын 23- нд иргэн Б-гийнхээс мөнгөн аяга, ээмэг, бөгж, бэлэн мөнгө зэрэг нийт 2.8 сая төгрөгийн эд зүйл дээрэмдэхдээ 65 настай эмэг эхээ зодож, цээжин тус газар нь олон удаа хутгалж бүрэлгэсэн аж. Мөн 2006 оны долоодугаар сарын 10-11-нд шилжих шөнө Н.Мөнх-Учрал нартай бүлэглэн иргэн А-г зодож, хүнд гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдсэн, 2009 оны нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө иргэн У-г заналхийлж, дээрэмдсэн, 2009 оны тавдугаар сарын 20-нд хүргэн ах Э-г зодож, 1.1 сая төгрөгийн үнэ бүхий компьютерийг нь дээрэмдсэн, 2009 оны наймдугаар сарын 7-нд иргэн О-гийн гар цүнхийг булаасан, бусдын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн аж.
Г.РАВЖАА