Дуулиан тарьдгаараа зартай АНУ-ын гэрэл зурагчин Спенсер Туник ээлжит “нүцгэн” үзэсгэлэнгээ” гаргав. Энэ удаад тэрбээр Германы Мюнхен хотын Баварын үндэсний дуурийн театрын өмнөх талбайд цуглуулсан олон зуун хүнийг нүцгэлээд зогссонгүй, улаан болон шар өнгөөр буджээ. Энэхүү амьд “инстолляцыг” Германы хөгжмийн зохиолч, Израильд нэр хүндээр сайнгүй Рихард Вагнерын хөгжим уянгалах дуурийн наадамд зориулан зохион байгуулжээ.
Үндэсний дуурийн театрын өмнөх Баварын анхны хаан I Макс Йозефын хөшөөг амьд зохиомжийн оролцогчид тойрон хүрээлсэн аж. Зохион байгуулагчид нь Мюнхен хотын захиргаанаас сар гаруйн өмнө зөвшөөрөл авсан тул энэхүү арга хэмжээнд эрх баригчид саад хийсэнгүй. С.Туник үүний өмнө 2011 оны есдүгээр сард Израильд Сөнөсөн тэнгисийн эрэгт 1000 гаруй хүн оролцсон “нүцгэн зохиомжоо” “урласан” юм. Мандаж буй нар руу тэмүүлэх сэтгэлийг илэрхийлэн, тэнд цугласан сайн дурынхан гараа нэгэн зэрэг дээш өргөсөн. Магадгүй гар өргөн зогсох нүцгэн еврейчүүд түүхийн тааг үй дурдатгалыг сэдрээн сануулсан байх ч талтай.
Еврейн ард түмний эмгэнэлт түүхэнд хүндэтгэлтэй хандсангүй гэж израильчуудын нэг хэсэг үүний дараа Туникийн ажлыг шүүмжилсэн ажээ. Мань уран бүтээлч ч Израилийн иргэдийн тэрхүү бухимдалд хариу болгохоор нацизмийн үүр уурхай түүхийн нэгэн цагт соёолж байсан ХБНГУ-д энэ удаагийн арга хэмжээгээ зохиов бололтой. Дуурийн урлагт томоохон шинэчлэл хийсэн Германы хөгжмийн зохиолч, урлаг судлаач Вилгельм Рихард Вагнер Европын, тэр дундаа Германы хөгжмийн соёлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн юм. Вагнерын ид шидэд шүтэх, үзэл санаагаар будсан еврейн эсрэг үзлүүд нь XX зууны эхээр Германы үндэсний үзэлд нөлөөгөө үзүүлээд зогсоогүй.
Түүний уран бүтээлийг тойрон бүчсэн национал-социализм нь дэлхийн хэд хэдэн оронд, нэн ялангуяа Израильд дэлхийн II дайны дараа “Вагнерын эсрэг” хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн байна.
Х.ЭНХ