Сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн зарим сайд, эрх мэдэлтнүүд цөмийн хог хаягдал булшлах гэрээ байгуулсан гэх мэдээлэл дахин сөхөгдлөө. Мөн ураны лицензийн асуудлаар ч ярих болов. Дээрх асуудлын аль аль нь Монгол Улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Гэвч нам болж талцан худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллээр ард иргэдийг төөрөгдүүлсээр байна. Энэ талаар Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжавтай ярилцлаа.
-Цөмийн хаягдлыг аль нэг орноос авчраад булшлах боломж, үндэслэл байна уу? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичээд байх юм.
-Цөмийн хог хаягдлын талаарх манай иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас энэ асуудал их л шуугиан болоод байх шиг. УИХ-ын сонгуулийн төгсгөлд ид эрчтэй яригдаж байна. Олон нийтэд мэдлэг, мэдээлэл бага байгаа нь ЦЭГ-ын зүгээс сургалт, сурталчилгааны ажил дутмаг явуулсантай ч холбоотой. Цөмийн хаягдал гэж цөмийн эрчим хүчний станцууд, реакторт цөмийн гинжин урвал явагдаж тэр тогоон дотор үүсэж байгаа бүтээгдэхүүнийг нэрлээд бай гаа юм. Цөмийн станцын ашигласан түлш, мөн дахин боловсруулсан түлшний хаягдал, цөмийн цахилгаан станцыг буулгах, ашиглалтаас гаргах үеийн цацраг идэвхт зүйл сийг хаягдалд оруулдаг. Булшлах асуудлын хувьд Монгол Улсын олон хуульд хориглосон. Тухайлбал, Цөмийн зэвсгээс ангид байх тухай, Хогны тухай, Аюул тай хог хаягдлын импорт, хил давуулан тээвэрлэ хийг хориглох, экспортыг зохицуулах тухай, Цөмийн энергийн тухай хууль болон Ерөнхийлөг чийн зар лигаар хориглосон. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид ч мөн хориглосон байдаг. Энэ хаягд лыг эх орондоо булшлах гэрээ байгуулбал гэмт хэ рэг, контрбандын асуудал болно. Цөмийн хаяг дал булшлах гэрээ хэрвээ байсан бол нуун дарагдуулж байгаад сонгуулийн сурталчилгааны сүүлийн хоёр өдөрт гаргаж ирэх нь ч өөрөө бас сонирхолтой асуудал.
-Танай байгууллагыг удирдаж байсан С.Энхбат Цөмийн хаягдал булшлах тухай гэрээ хийсэн гэж хэвлэлд ярилцлага өгчээ. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
-Цөмийн хаягдал булшлах гэрээ хэлцэл хийсэн, бараг булшилчихсан гэх зэргээр огт үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй мэдээллийг хэвлэлээр байсхийгээд мэдээлэх болж. Энэ нь сонгуулийн сур талчилгаатай зэрэгцүүлэн улстөржүүлэх хандлага л болов уу. Монгол Улсыг төлөөлж АНУ-д суугаа Элчин сайд гэрээ хийгээд байсан юм бол яагаад өнөөдрийг хүртэл манай агентлаг, Цөмийн энергийн газар мэдэхгүй байх билээ. Гадаад харилцааны сайд нь хүртэл мэдэхгүй гэрээ хэлэлцээр гэж байж болох уу. Ийм мэдээлэл дунд иргэд төөрөлдөж гүйцлээ. Монгол Улсын байнгын ажиллагаатай, олон улсын чанартай ихэнх боомтод цацраг идэвхт бодисыг илрүүлэх багаж байгаа болохоор төмөр замаар юм уу, машинаар оруулж ирж чадахгүй. “Онгоцоор авчраад хөдөө буулгаад булшилчихсан байх” гэж С.Энхбат дарга хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Нисэх онгоцны буудал өөрөө хилийн боомтод ордог. Үүнд мэдээж хяналт тавьж байна. Техникийн хувьд, эрх зүйн хувьд бололцоогүй асуудлыг нисэх онгоцоор авчраад улсын хилийг нэвтэрч ирээд булшлаад, эргээд ниснэ гэдэг боломжгүй. Ийм мэдэгдэл хийж байгаа нь үнэхээр хариуцлагагүй явдал. Хөрш орнууд маань ч бас хатуу хяналттай, цөмийн гүрнүүд.
-Манай улс ураны нөөцөөрөө дэлхийд дээгүүр ордог. Харин өдгөө уран хайх олборлох асуудал нэлээд хурцаар тавигдаж эхэлж байна. Монгол Улс уранаа ашиглах цаг нь болсон уу?
-Ер нь ашигт малтмалаа тодорхой түвшинд ашиглах хэрэгтэй гэж би үздэг. Олон улсын атомын энергийн агентлаг, Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хоёр жилд нэг удаа гаргадаг “Ураны улаан ном” гэж байдаг. Энэ номд манай улс батлагдсан нөөцөөрөө 16-д явж байна. Энэ жил хэвлэгдэх “Улаан ном”-д хэрхэн орохыг мэдэхгүй. Ямар ч байсан нэлээд дээгүүр орох байх. Бид ураны нөөцөө нэмэгдүүлэх байр суурьтай байдаг. Гэхдээ аж ахуй нэгж, байгууллага хайгуул хийж, эрсдэл үүрчихээд ашиглахгүй гэх үндэслэл байхгүй. Тиймээс энэ хайгуулын ажлыг төсвийн хөрөнгөөр хийгээд нөөцөө тогтоогоод хойч үедээ аль ордоо ямар технологоор, ямар хэмжээтэй ашиглах вэ гэдгээ төр өөрөө шийдэж, ашиглахыг нь ашиглаж, үүц үлдээж хадгалах бодлоготой ажиллах ёстой гэж боддог. Хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон ордуудыг ашиглах нь зөв. 2007 онд баталсан стратегийн ордуудын жагсаалтад ураны ордууд орсон шүү дээ. Энэ нь эдийн засгийн хувьд үр ашигтай.
Өртөг багатай ураны ордын олборлолт дэлхийн хэмжээнд багасаж, ураныг гаргаж боловсруулах өртөг нь өндөрсөж байна. Дээр нь цөмийн станцууд олон баригдаж байна. Манай хоёр хөршид 40-өөдийг барьсан. Мөн Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират улс, БНСУ-д нэлээд олныг барихаар төлөвлөж байна. Хөгжиж байгаа орнуудад ч барих хандлага нэмэгдлээ. Өнөөдөр дэлхий дээр цөмийн 62 реактор шинээр баригдаж байна. Тэгэхээр эдгээр олон станцыг түлшээр хангах, дээр нь одоо ажиллаж байгаа 400 гаруй станцад түлш хэрэгтэй. Цөмийн түлшний бизнес өөрөө зүгээр сүү талх худалдан авахтай адилгүй. Түлшний нийлүүлэлт тогтвортой байхыг шаарддаг. Гэрээ хэлцлүүд нь тав, арван жилээр хийгддэг. Тиймдээ ч түлшний үнэ ч тогтвортой байдаг. Цөмийн түлш нь бас реактор бүр дээр өөр өөр төрөл, загвартай байдаг. Бас нэг асуудал бий. Ашигласан түлшнээс шинэ түлш хийх технолог нэвтэрлээ. Тэгэхээр ашигласан түлшээ дахин боловсруулж шинэ төрлийн реакторын түлш хийж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор 2050 он гэхэд байгалийн ураны хэрэгцээ, үнэ буурах хандлагатай байгааг зарим судалгааны дүн харууллаа. Хэрэгтэй үед нь ашиглах нь зөв. Харин байгаль орчинд ээлтэй, химийн болон цацрагийн талаас ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй, өндөр хяналт шалгалт дор ажиллах ёстой. Төр засаг ч, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай.
-Ураны тусгай зөвшөөрлийг хоёрхон цагийн дотор хууль бусаар олгосон гэх мэдээлэл гараад байгаа. Зөвшөөрлийг ийм богино хугацаанд шийдвэрлээд олгочихдог юм уу?
-Би Цөмийн энергийн газрын даргын үүргийг хүлээж авахад найман аж ахуй нэгжид 21 тусгай зөвшөөрлийг энэ оны нэгдүгээр сарын 13-нд олгосон байсан. Хамгийн хачирхалтай нь би хоёрдугаар сарын 18-нд ажлаа хүлээж аваад албан бичиг хөтлөлтийн дэвтэрийг үзэхэд 20-иод дугаар авч хаашаа хэн рүү яах гэж явуулах гэж байгаа нь тодорхойгүй хадгалсан байсан. Ямар бичиг хаашаа явуулах гэж он, сар, өдөр, дугаар хадгалаад байгаа талаар асуухад, тусгай зөвшөөрөл олгосон учир түүнтэй холбоотойгоор төрийн захиргааны байгууллагууд, БОАЖЯ, Татварын ерөнхий газарт мэдээлэл явуулах ёстой гэсэн. Хуулиараа тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын таван өдөрт багтаан тэр мэдээллийг холбогдох газрууд руу хүргүүлсэн байх ёстой байдаг. Гэтэл нэг сар илүүтэй хугацаа өнгөрсөн байхад тэр мэдээлэл яваагүй байсан.
Нэгдүгээр сарын 13-ны 16.00 цагт нэг байгууллагаас битүү утгатай, нөхцөл байдал арилсан учраас үйл ажиллагаа явуулж болноо гэсэн бичиг Цөмийн энергийн газарт ирсэн байна лээ. Энэ бичиг ирснээс хойш хоёр цагийн дотор 21 тусгай зөвшөөрөл олгосон. Гэвч тусгай зөвшөөрөл олгох шаардлага хангахгүй, талбай давхцсан, орон нутгийн хэрэгцээний газартай давхцсан байсан учир мэргэжилтнүүд хяналтын карт дээрээ олгох бололцоогүй гэж бичсэн байсан ч тусгай зөвшөөрөл өгчээ. Цөмийн энергийн газрын дарга тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргадаггүй, дотоод журмаар Цөмийн материалын хэлтсийн даргын шийдвэрээр олгодог байсан юм. Тэр шийдвэрийг нь Цөмийн технологийн газрын дарга бас давхар хянадаг. Тэгээд шийдвэр гарсны дараа ЦЭГ-ын дарга гарын үсэг зурж баталгаажуулж байж олгодог журамтай. Үүнийг хоёр цагийн дотор өөрчлөөд бүх асуудлыг ЦЭГ-ын даргын шийдвэрээр гаргадаг болгосон. Манайх хэрэв дотоод журамдаа өөрчлөлт оруулахаар бол газрын даргын Зөвлөлийн хурлаараа шийддэг. Гэвч тэр хүн өөрөө шийдэж өөрчлөлт оруулсан байсан.
-Таны ярьж буйгаар бол С.Энхбат дарга хууль зөрчжээ. Түүнд хариуцлага тооцох боломжгүй юм уу?
-С.Энхбат дарга ажлаасаа чөлөөлөгдсөн асуудлаараа Засгийн газрыг шүүхэд өгөөд, тэр асуудал шүүхийн шатанд явж байгаа. Харин тэр зөвшөөрлүүдийг хүчингүй болгосны дараа аж ахуй нэгжүүд бас шүүхэд хандсан. Энэ бол аж ахуй нэгжүүдийн буруу биш. Олгох бололцоотой, бололцоогүй гэдгийг нь хариулаад, хуулийн дагуу шийдсэн бол ийм асуудал гарахгүй байсан. Лиценз олгогдсон болохоор шүүхэд хандах эрх үүсэж байна. Дээрх лицензийг зүгээр цуцалчихсан юм биш, хяналт шалгалт хийгээд хуулийн дагуу олгоогүйг тогтоосон учраас хүчингүй болгосон. Мөн Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчсөн учир ҮАБЗ, Тагнуулын ерөнхий газраас хүчингүй болгох үүрэг даалгавар өгсөн. Хуулийн хүрээнд бид хүчингүй болгосон. Харин таван аж ахуй нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг хуулийн дагуу шийдвэрлэсэн байна гэж анхан шатны шүүх тогтоосон. Дараа дараагийн шатны шүүхийн процесс явагдах байх.
-Өнөөдрийн байдлаар ураны хайгуул олборлолтын хэчнээн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна вэ?
- Ашигт малтмалыг газраас 2009 онд 164 зөвшөөрөл шилжиж ирсэн. Эдгээр зөвшөөрлийг Цөмийн энергийн тухай хууль батлагдахаас өмнө Ашигт малтмалын газраас олгосон байсан, олон жил болж байгаа. Одоогийн байдлаар хайгуулын 99, ашиглалтын гурван зөвшөөрөл хүчинтэй. Бас нэг сонин асуудал үүссэн. Улсын бүртгэлд ороогүй нэг тусгай зөвшөөрөл хүчинтэй гээд байгаа. Тэр зөвшөөрлийн хугацаа нь дууссан учир 2010 онд манайх хүчингүй болгосон юм. Хайгуулын ажлаа хийгээгүй, нөөцөө батлуулаагүй, арван жил болсон тусгай зөвшөөрөл л дөө. Хүчингүй болсон тусгай зөвшөөрлийг шүүх хурлаар хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулж сунгуулсан байна лээ. Гэтэл үүнийг нь тухайн үеийн Цөмийн технологийн газрын дарга, орлогч дарга, нэгжийн дарга, холбогдох мэргэжилтнүүд нь ч мэдэхгүй байсан.
Хэдхэн хүн хуйвалдаад эвлэрлийн гэрээ байгуулаад тусгай зөвшөөрлийг сунгачихсан юм билээ. Энэ үйлдэл нь бүтэн таван сарын дараа илэрсэн юм. Ямар ч данс бүртгэл, мэдээ тайланд байхгүй, ҮАБЗ, Засгийн газарт өгдөг мэдээнд ч байгаагүй. Хэрвээ энэ асуудлыг мэдэж байсан хүмүүс мэдээллийг санаатайгаар буруу өгч байсан бол хатуухан хариуцлага ярих хэрэгтэй. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард ҮАБЗ, Засгийн газарт өгдөг тайлан мэдээндээ энэ асуудлыг танилцуулсан. Эвлэрлийн гэрээ хууль бус гэсэн асуудлаар бид Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн тайлбар нь байгууллагын дотоодын асуудал, хариуцагчид буруу байхгүй, лицензийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзсэн.
-Цацрагийн бохирдолтой машиныг Японоос олноор нь авчирч байсан. Цацрагийн бохирдлыг шинжлэн тогтоох лабораторийн хүчин чадал ямар түвшинд байна вэ?
-Японоос импортолж байгаа авто машинуудаас цацрагийн бохирдол илэрсэн тохиолдол хэд хэд гарсан. Гэхдээ өнгөрсөн онтой харьцуулахад эрс багассан. Өнөөдрийн байдлаар тус улсаас авчирсан дөрвөн машинаас цацрагийн бохирдол илэрсэн. 1990 оны эхэнд манай байгууллагын багаж тоног төхөөрөмж хуучирсан байсан. Гэхдээ цөмийн салбарын тоног төхөөрөмжийг 2005 оноос өмнө Олон улсын атомын энергийн агентлагийн тусламжаар авдаг байсан учраас бас ч чамлалтгүй шүү. Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж хэрэглэж, бусад хөгжиж байгаа орнуудтай адил түвшинд байна. Дубнагаас ирсэн мэргэжилтнүүд манай лабораторийн үйл ажиллагаатай танилцаад манайд байхгүй өндөр хүчин чадалтай багаж байна гэж байсан.
Сүүлийн хоёр жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэлээд их тоног төхөөрөмжийг авсан ч ажлын байрны хүрэлцээгүйгээс зарим тоног төхөөрөмжөө өнөөдрийг хүртэл суурилуулж чадаагүй л байна. Засгийн газраас ЦЭГ-ыг нэгдсэн байраар хангах, лаборатори, судалгааны чиглэлийн тоног төхөөрөмжийг суурилуулахад дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ жилдээ багтаад нэгдсэн байртай болно гэж найдаж байна.
Г.ЦОЛМОН