Германы шинэ Ерөнхийлөгч Йоахим Гаук бие даасан улстөрчийн хувьд өөрөө халааг нь авсан Кристиан Вульф болон Канцлер Ангела Меркель нарын аядуу бодлогоос татгалзаж буйгаа анх удаа мэдэгдэв. Лалын шашинтнууд Герман улсын нэг хэсэг болох тухай Вульфийн бодлогыг тэрбээр зөвшөөрөөгүй бөгөөд цагаач хүмүүсийг Германы нийгэмтэй хөлөө нийлүүлж байх талаарх байр суурийг шинэчилсэн байна.
Герман улсын үндэсний эрх ашгийн талаарх Засгийн газрын үзэл бодлыг өөрчилж, Канцлерийн амыг ч дагаад байхгүй гэдгээ нотлов. Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээж аваад хоёр сар гаруйхан болж буй Йоахим Гаук хэн нэгнээс хамааралгүй байх хүсэлтээ энэ мэтээр илэрхийлж байна. Түүнээс хүмүүс чухам үүнийг хүсч, хүлээж байсан юм.
Zeit сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцахдаа орчин цагийн Германд лалын шашинтнуудын гүйцэтгэх үүргийн тухайд өмнөх Ерөнхийлөгч Кристиан Вульфийн хийсэн мэдэгдлийг тэрбээр үл зөвшөөрөв. Энэ ярилцлага түүнийг Палестинд айлчилж байхад хэвлэлээр улаачлан, хүмүүсийн сонорт хүрсэн юм. Үгчлэн иш татвал, Вульф 2010 онд “Христийн шашинтнууд бол ямар ч эргэлзээгүй Германы нэг хэсэг. Иудийн шүтлэгтэн ч ялгаагүй. Түүнчлэн ислам ч мөн Германы нэг хэсэг юм” гэж хэлсэн аж. Тэрбээр энэ үгээ хоёр Герман нэгдсэний 20 жилийн ойн баяраар хэлсэн байна. Энэ нь түүний хэлсэн хөтөлбөрийн чанартай анхны үг нь байсан бөгөөд эх орон нэгтнүүд нь түүнд хэрхэн хандахыг ч тодорхойлсон гэж хэлж болно. Тэрбээр лалын шашинтнуудыг Германы нийгэмд хөлөө олж явахыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг идэвхтэй дэмжигч болохыг нь нотолсон байна.
Хэрэв цагаачид нийгэмших үйл явц амжилттай байвал Герман улс нэгдмэл байх бөгөөд үүний тулд лалын шашныг герман соёлын нэг хэсэг гэж үзэх нь зайлшгүй чухал юм гэдгийг энэ мэдэгдэл тайлбарласан гэж үзэж болно. Ийм үг ХБНГУ дахь лалын шашинт хүмүүсийн чихэнд сайхан сонсогдолгүй яах вэ. Вульфийг авлигын хэл аманд өртөж, огцорсны дараа Германы лалын шашинтнууд Гаукийг Ерөнхийлөгч болоосой гэж ер хүсэхгүй байв. Тэдний ийн болгоомжлох нь ч зөв байжээ. Урдахь Төрийн тэргүүнийх шиг дэмжлэгийг лалын шашинтнууд шинэ Ерөнхийлөгчөөс хүлээгээд нэмэргүй болов. Лалын шашинтнуудыг “Германы нэг хэсэг” гэж үзэхээс татгалзсанаар шинэ Ерөнхийлөгч энэ асуудлыг нэгмөсөн шийдчихэв. Вульфийн хэлснийг үгчлэн хүлээж авч чадахгүй, харин гол санааг нь хуваалцана гэж Гуак өөрийн байр суурийг тайлбарласан юм. Өөрийнх нь одоогийн албыг өмнө нь хашиж байсан хүний хэлсэн үгийн гол утгыг тэрбээр дараах байдлаар илэрхийлсэн аж. “Эрхмүүд минь гүнзгийхэн амьсгаа аваад эргэн тойрноо нэг хар.
Эцэст нь хүрээлэн буй бодит амьдралыг тольд. Энэ улсад лалын шашинтан олноор аж төрж буйг бодит байдал илтгэнэ”. Гаук өөрийн эхний хэлсэн үгийг дараа нь багахан өөрчилж “Энд амьдарч байгаа лалын шашинтнууд Германы нэг хэсэг мөн” гэсэн байна. Христийн сүмийн санваартан байсан тэрбээр Герман хийгээд Өрнөд Европын соёл нь бүхэлдээ лалын ша шин дээр бус феодалын ёсыг эсэргүүцсэн улс төрийн хө дөлгөөн, соён гэгээрэл хоё рын үнэ цэнтэй зүйлс дээр суурилж байдаг гэж үздэг эх орон нэгтнүүдтэйгээ санаа бодол нэгтэй байдгаа Гаук ийм маягаар илэрийлжээ. Төрийн бодлого ийн өөрчлөгдөж буйд Германы лалын шашинтнууд хариу үйлд лээ даруй хийв. Германы лалын шашинтнуудын төв зөвлөлийн дарга Айман Мазек “Өрнөд Европын соёл түшиг тулгуураа болгодог зүйлийн нэг нь лалын шашин болон Ойрхи Дорнодын уламжлал юм” хэмээн хэлж Гаукийн үгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаагаа уламжлав. Түүний хэлснээр бол энэ хүчин зүйлийг үгүйсгэвэл түүхийг гуйвуулсан болох гэнэ.
Герман дахь туркчүүдийн байгууллагын тэргүүн Кенан Колат мөн Гаукийг сурах бичиг сөхөж үзэхийг санал болгоод, тэгвэл лалын шашин нь Европ, Германы түүхийн нэг хэсэг болохыг ухаарах болно гэсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгч ямар ч байлаа гэсэн лалын шашинтнуудыг Германы нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэж өөрийгөө тайвшруулаад, сэдвийг цааш гүнзгий авч үзэхийг хүссэнгүй. Түүний үзэж буйгаар бол үзэл суртлын маргаан юунд ч хүргэдэггүй, түүхийн гарцаагүй баримт дээр түшиглэж байж л энэ асуудлын учрыг олох ёстой аж. Тэгвэл Германы лалын шашинтнуудын төв зөвлөл үүний яг эсрэг байр суурьтай, асуудлын үзэл суртлын талыг нь хамгийн чухал гэж үзэж байна. Мазекийн бодлоор бол ялангуяа лалын шашин газар авч буй өнөөгийн нөхцөлд Ерөнхийлөгчийн хэлсэн үг муугийн дохио болж мэдэх аж. Ногоонтны намын тэргүүн Жем Оздемир бас Ерөнхийлөгчийн үгэнд сэтгэл дундуур байгаа гэнэ. Гэтэл Гаукийг улс төрийн консерватив хүрээлэл уухайлан хүлээж авчээ.
Бундестаг (ХБНГУ-ын Парламент)-ийн дотоод бодлогын асуудлаарх Христосын ардчилсан холбоо, Христосын нийгмийн холбоо фракцын дарга Ханс-Петер Уль Ерөнхийлөгчийн мэдэгдлийг ихэд сайшаав. Лалын шашинтан яагаад ч Германы нэг хэсэг байх учиргүй. Яагаад гэвэл лалын шашинтай улсуудаас Германд цагаачид орж ирэх зам ямагт нээлттэй байдаг ч гэлээ уг шашин тус оронд харш гэнэ. Германы хэвлэлүүд ч Гаукийг дэмжиж байна. Түү- ний үгийг Германд байнга амьдрахыг хүссэн гадаадын иргэдэд хандсан илгээмж гэж тайлбарлаж байна. Германд амьдрахын тулд даган дууриадаггүй юм гэхэд эндхийн соёлыг хүлээн зөвшөөрч, хэлийг нь сурах ёстой аж. Гаук түрүүчийн Ерөнхийл өгчийн төдийгүй Германд тийм ч чухал бус өөр асуудлаар Канцлерийн хэлсэн үгийг ч хянан засварлахаар шийдсэн байна. “Израиль улс оршин тогтнож буй нь Германы үндэсний эрх ашигт нийцэж байгаа” гэсэн Ан гела Меркелийн үг Ерөнхийлөгчийн санаанд нийцэхгүй байгаа юм байна.
Ерөнхийлөгчийн бодлоор бол Канцлер арай л хэтрүүлчихсэн бололтой. Канцлерийн үзлийг дайны дараа үеийн хүмүүс л хүлээж авна уу гэхээс биш өнөөгийн залуу үеийнхний хувьд “Бидний хийх гэж хүссэн бүхэн еврейчүүдийн эх орон-Израилийг хамгаалах зорилгод маань захирагдах ёстой” гэсэн тарни шившлэг мэт хол хөндий санагдана гэж Гаук үзэж байна. Үүний зэрэгцээ Холокостын тухай дурсгалыг оюун ухаант хүн мартах ёсгүй. Тэгэхдээ тэнд золиослосон амийг шашны хуурамч шүтээн болгож бас болохгүй гэж Ерөнхийлөгч хэлсэн. Израилийг дэмжихээс Гаук тат галзсангүй. Ирантай зөрчилдөж буй Израилийг Герман улс ямар хэмжээнд дэмжих вэ гэсэн асуултад “Еврейн улстай найрамдах, эв санааны нэгдэлтэй байхаас татгалзсан дэлхийн сүүлчийн орон нь Герман байх ёстой” гэж хариулсан байна.
Шинэ Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг шүүн хэлэлцэхэд Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле ч оролцоход хүрсэн аж. Тэрбээр “Израилийн аюулгүй байдал бол маргааны сэдэв биш, харин еврейн улс оршин тогтнох нь Германы үндэсний эрх ашгийн хүрээнд багтана” гэж хэлжээ. Ингэж хэлснээр үндэсний эрх ашиг хийгээд гадаад бодлогыг тус оронд Ерөнхийлөгч биш, Канцлерийн тэргүүлдэг Засгийн газар тодорхойлдгийг сайд сануулсан байна. Гаук бие дааж, өөрийн гэсэн бодолтой ажиллах нь гэдэгт одоо хэн ч эргэлзэхээ болив. Түүнийг Ерөн хийлөгчийн сэн тий дээр байлгах хүсэл Ангель Меркельд оргилж байгаагүй нь ч үүнтэй уялдаатай биз. Өмнөх Ерөнхийлөгчдөөсөө ялгаатай нь Гаук Канцлерийн хэлснийг сохроор дагахыг хүсэхгүй байгаа юм.
Р.ЖАРГАЛАНТ