Дорнод аймгийн Мэнэнгийн талаас газрын тос олборлож буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро чайна дачин Там саг” компанийг байгаль орчинд хохирол учруулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйг Баянзүрх дүүргийн шүүхээс тогтоож 1.3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулах шийдвэр гаргасан. Харин тус компанийн удирдлага үүнийг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан юм. Тус компанийнхан “Матад сумын байгаль орчинд учруулсан хохирлыг “Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ нэхэмжлэх эрхгүй.
Харин эрх ашиг нь хохирсон, байгаль орчноо сүйтгүүлсэн Матад сумынхан өөрсдөө нэхэмжлэх ёстой” гэж давж заалдах өргөдөлдөө дурдсан гэнэ. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтийн 1.3 тэрбум төгрөгийг сумын төсөвт оруулахаар шүүх шийдвэрлэхдээ ямар хуулийн заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй гэжээ. Уг хэргийг Нийслэлийн шүүхэд хянан хэлэл цэхээр товлосон боловч ирэх сарын 2-ныг хүртэл хойшлуулжээ. Тус компани асуудлыг өмнө нь хоёр жил хойшлуулж, тэр зууртаа ашигт малтмал олборлох ажиллагаа явуулсан аргаа дахин давтах вий гэж байгаль хамгаалагчид анхааруулж байв.
Өмнөх хуралд “Петро чайна дачин Тамсаг” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон хүнээ өөрчилж, шинээр хүн томилсон байна. Тиймээс шүүх хурлыг хойшлуулсан аж.
Г.РАВЖАА