Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тус улс хийгээд зуучлагч зургаан (НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн+ХБНГУ) гүрний дунд болсон хэлэлцээ Москвад өндөрлөв. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалилийн тэмдэглэснээр, үүний өмнө Багдадад зохиосон уулзалтыг бодвол энэ удаа гийнх илүү нухацтай, бодитой болж чаджээ. Гэвч хэлэлцэгч талуудын хооронд санал зөрөлдөөн урьдынх шигээ маш их байгааг Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков хүлээн зөвшөөрчээ.
Багдадад “зургаа” Ираны удирдлагад хандаж, багц санал тавьсан юм. Үүний хариуд Ираны тал Москвад хэд хэдэн санал дэвшүүлж, байр сууриа дэлгэрэнгүй тайлбарласан байна. “Ураныг энхийн зорилгоор баяжуулах нь манай улсын салшгүй эрх ашиг. Үүнийг бид тавьсан саналдаа гол болгон дэвшүүлсэн” гэж С.Жалилийн тэмдэглэснийг ИТАР-ТАСС уламжлав. Ираны тавьсан саналыг судалж үзэхийн тулд хугацаа олгохыг “зургаа” хүсчээ. Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай бүрэн хамтарч ажиллая гэсэн үгийг Москвад Тегеран амнаасаа зүгээр ч нэг унагасангүй. Тус улсын эсрэг өмнө нь тавьсан хоригийг цуцлуулахын тулд үүнийг “барьцаа” болгохыг хүсэв.
Ураныг 20 хувиар баяжуулсан түлш Иранд зайлшгүй шаардагдаж байгаа хэмээн Тегеран нотлохдоо тус улсын өмөн үүгээр өвдсөн нэг сая орчим иргэний эмчилгээтэй холбодог. Уг нь ийм түлшийг Тегеран худалдан авахад бэлэн гэдгээ мэдэгддэг ч Өрнөд мэдээж өгөхгүй. Тиймээс өөрийн эрдэмтдэд найдахаас өөр зам үлдээгүй хэрэг. Тус орны нефтийн нийлүүлэлтийн эсрэг Европын холбоо долоодугаар сарын 1-нээс хориг тавих гэж байгаа. Хэрэв ийм арга хэмжээ авбал хэлэлцээнд муугаар нөлөөлнө гэдгийг ноён Жалили анхааруулжээ. Ираны тулгасан болзол “зургааг” ийнхүү салаа сонголтын өмнө авчраад байна.
Асуудлыг техникийн талаас нь шийдвэрлэх ямар гарц буйг хэлэлцээнд оролцогчид анх удаа ажил хэрэгч байдлаар шүүн тунгаасан нь Москвагийн уулзалтын нэг ололт болсныг Европын дипломатчдын тэргүүн Кэтрин Эштон тэмдэглэлээ. Москвад Ираны асуудлаар олигтой ахиц гарахгүй аваас цэргийн ажиллагааг явуулж “цээрлүүлэхийг” Израиль шахаж шаардаж байсан. Гэвч Вашингтоны дэмжлэггүй Израиль дангаараа ийм алхам хийхгүй гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа. Хүч хэрэглэх аргын цаашдын үр дагавар урьдчилан тааварлашгүй байгаад зогсохгүй Б.Обамагийн улиран сонгогдоход гай тарина гэх байр суурьтай Америкийн судлаачид ч санал нэгдэж буй.
Москвагийн уулзалтын үйл явцад Америк, Оросын лидерүүдийн хэлсэн үг хүчтэй нөлөө үзүүлж, уур амьсгалыг үндсээр нь өөр чилсөн гэж Орчин үеийн Ираны судалгааны төвийн захирал Ражаб Сафаров сэтгэгдлээ хуваалцжээ. Б.Обама, В.Путин нар Ираныг энхийн зорилгоор цөмийн эрчим хүч ашиглах эрхтэй гэдгийг энэ үеэр хүлээн зөвшөөрсөн аж. “Улс төр-дипломатын аргаар асуудлын гогцоог тайлах найдлага ямартай ч бүрмөсөн унтарчихсангүй” гэж шинжээч Сафаров дурдав. Оролцогчид дараагийн удаа Тур кийн Истанбулд долоодугаар сарын 3-нд уулзахаар тохирлоо.
Х.ЭНХ