Биеэ үнэлэх явдал гаарч, бэлгийн ажлын донтнууд язганаад эхэлнэ хэмээн Дэлхийн цомын төлөөх тэмцээн болон Олимпийн тоглолт мэт спортын томоохон арга хэмжээнүүдийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, Засгийн газар, цагдаагийн байгууллагууд болгоомжлох, ярих нь ихэсдэг. Үнэндээ ч олныг хамарсан спортын үйл явдалд оролцох, үзэх гэж олон зуун мянган хүн, жуулчид тухайн улс, хот руу цувдаг болохоор мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй биеэ үнэлэгч бүсгүйчүүд бөөнөөрөө шавдаг, иймд түүнээс сэргийлэх талаар ярихаас ч яах билээ. Тэгвэл 2012 оны зуны олимп болох Лондон хотод ийм анхааруулга, сэрэмжлүүлэг хэдийнэ сонсогдох болсон байна.
Олимпийн тоглолт болох Лондонд биеэ үнэлэгчид үнэхээр бөөгнөрөх болов уу?
Английн түрүүчийн Засгийн газарт олимпийн тоглолт хариуцсан сайд байсан хатагтай Тесса Жоуэлл 2010 оны нэгдүгээр сард депутатуудад хандаж хэлэхдээ “Спортын томоохон үйл явдал нь биеэ үнэлэх мэтийн явдлыг соронзон мэт өөр рүүгээ татаж мэднэ. Ийм юм хэрхэвч гаргаж болохгүй. 2012 онд Лондон хотыг хүний наймаачдад эзлүүлэхгүйн төлөө би ажиллах болно” гэсэн байдаг. АНУ-ын Невада муж улсад байдаг “Сарны гэрэл дэх молтогчин туулай” нэртэй зугаа цэнгээний томоохон газрын эзэн Деннис Хоф гэгч “Дээрэмчдийн болон гэмт хэргийн бүлэглэлүүд Зүүн Өмнөд Ази, Албани, Африкаас Лондонд олон мянган хүүхэн хүчээр авчирна” гэж ярьж байна. Канадын Ванкувер хотод 2010 онд болсон өвлийн Олимпийн тоглолтын үеэр үзсэн харсан дээрээ үндэслэн ийн үзэж буй юм байна. Хоф өөрөө ч олимпийн тоглолтын үеэр ийм газар нууцаар нээхээр төлөвлөж буй аж.
Иймэрхүү таамаглал үнэнд хэр нийцэх бол?
Олимпийнхны хөлд бусдаасаа илүү дарагдах Лондон хотын таван дүүргийн зугаа цэнгэлийн газруудад 2010 оны 1-8 дугаар сард 70 удаа үзлэг шалгалт хийжээ. Мөн төвийн хэсэгт ийм үйл ажиллагаа 33 удаа зохиосон байна. 2010 оны дөрөвдүгээр сараас 2011 оны гуравдугаар сард биеэ үнэлэгч 1036 эмэгтэйг баривчлан саатуулсан аж. Энэ мэт мэдээлэл олон бий. Олимпийн үеэр биеэ үнэлэх явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагууд нь уйгагүй хийж буй юм билээ. Секс-үйлдвэрлэлийн салбарын ажилтнуудын тоо нэмэгдэж болзошгүй талаар эхлэхээс нь өмнө урьдчилж анхааруулсан спортын олон улсын анхны томоохон арга хэмжээ нь 2004 оны Афины олимп байв. Олимпийн үеэр секс үйл ажиллагаа хоёр дахин идэвхэждэг хэмээн ярих нь элбэг. Эмэгтэйчүүдийг ор, хөнжлийн “ажлын” зорилгоор наймаалахын эсрэг олон улсын холбооны жил бүрийн илтгэлээс үзвэл 2004 оны туршид Афинд хүн худалдах гэмт хэрэг 181 удаа гарсан байна. Энэ үзүүлэлт өмнөх онд нь 93 байжээ. Мөнгө, ашиг олох гэсэн тохиолдолд бүсгүйчүүдийг ихэнхдээ хүчээр авчирдаг аж. Тэгэхдээ үүний учир шалтгаан нь олимпийн тоглолттой огт хамаагүй гэж Грекийн эрх баригчид мэдэгдэж байв.
2006 онд Германд болсон Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө ч энэ мэт явдал ихсэхийн аюулыг мөн сэрэмжлүүлж байжээ. Гэлээ ч Европын холбооноос мэдээлснээр тус арга хэмжээний хүрээнд гарсан хүн худалдсан таван ч хэргийг Германы Засгийн газар 2007 оны нэгдүгээр сар гэхэд илрүүлээд байсан гэнэ. Европын холбооны илтгэлд дурдсанаар “2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр биеийг нь хүчээр үнэлүүлэх, эр, эмийн ажлын зорилгоор хүмүүсийг худалдах тохиолдол ихэснэ гэж зарим нь хий дэмий сэрэмжилж байжээ. Гэхдээ л 2006 оны энэ тэмцээн үзэгчид хийгээд жуулчдаас биеэ үнэлэгчид ихээхэн орлого олсон арга хэмжээ болж түүхэнд үлдсэн байна.
2010 онд ӨАБНУ-д болсон тэмцээний үеэр ирсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоонд Германд болсон тэмцээний үеийнхээс онц өөрчлөлт ороогүй нь хожим хийсэн судалгаанаас харагджээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дэлхий дахины сексбизнесийн 40-100 мянган “ажилтан” Өмнөд Африкт ирнэ гэж үзэж байсан аж. 2010 онд Ванкуверт болсон өвлийн болон паралимпийн өмнө бас л янз бүрийн таамаг, тооцоо гаргаж байсан ч өргөн хэмжээтэй хүний наймаа болсныг тоглолтын дараа хийсэн судалгаа нотолж чадаагүй байна. Лондонгийн олимпийн үеэр биеэ үнэлэгчид эрс нэмэгдэнэ гэж үзэж бэлтгэлтэй байхыг анхааруулахын ялдамд Грек, Герман, ӨАБНУ-ын туршлагыг нэлээд дурдаж байна.
2012 онд Лондонгийн олимпийн үеэр хүний наймааны эсрэг тэмцэхээр шийдсэнээ хоёр жилийн өмнө зарласан мөнөөх Тесса Жоуэлл, “Тагнуулын мэдээллээс үзвэл олимпийн үед бэлгийн ажлын зорилгоор хүний наймаа Лондонд газар авна гэдэгт эргэлзэхээр байна” гэж саяхан мэдэгдсэн байна. Ер нь бол олон улс оролцсон спортын нүсэр арга хэмжээний үеэр төлбөрт сексийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх магадлал өндөр болдог. Энэ нь жуулчид, барилгын ажилчид, сэтгүүлчид тэнд олноор очдогтой холбоотой. Тамирчид өөрсдөө ч энэ хэрэгцээнээс нүүр буруулдаггүй гэцгээдэг юм. Тэгсэн хэрнээ л олимпийн тоглолтын үеэр хүний наймаа нэмэгдсэн гэх баримт байдаггүй юм байна. Олимпийн тоглолтын үеэр бэлгийн харилцаанд оруулж мөнгө олох зорилгоор хийдэг хүний наймааг батлах нотлох юм олддоггүй нь чухам юутай холбоотойг цэгнэхэд түвэгтэй байдаг аж. Жоуэлл ч ингэж үзэж байна. Салбар хариуцсан яамных нь ажилтнуудын авсан арга хэмжээний үр дүн үү, эсвэл баримт олж чаддаггүй юм болов уу? Хүмүүсийг мөнгө олох хэрэгсэл болгож ашиглах болон зохион байгуулалттай гэмт хэргийн асуудлыг тусгайлан хариуцсан нэгжийг Лондонгийн цагдаагийн газрын дэргэд 2010 оны эхээр байгуулжээ. Олимпийн үйл ажиллагаанууд болох Лондонгийн Ньюхэм, Хакни, Уолтам форест, Тауэр Хэмлетс, Гринвич гэсэн таван дүүрэгт гэмт хэрэг гарахаас сэргийлэх, гарвал мөрдөн шалгах ажил эрхлэх бүлэг уг нэгжийн бүрэлдэхүүнд байгаа аж.
Консерватив намаас Лондонгийн Ассамблейн гишүүнээр сонгогдсон Эндро Боффын бэлтгэсэн илтгэлд “Спортын сүр дуулиантай арга хэмжээний үеэр хүчээр энгэр зөрүүлэх зорилгоор бүсгүйчүүдийг худалдах явдал үнэхээр ихсэж байгааг гарцаагүй нотлох баримт алга” гэсэн байна. Тэрбээр бас олимпийн өмнө цагдаа нар биеэ үнэлэгчдийн орогнодог газруудад гэнэтийн шалгалт хийх нь олон болсон бөгөөд сүүлийн 20 сарын дотор ганц Ньюхэм дүүрэгт л гэхэд ийм 80 газрыг хаалаа гэж хэлжээ.
Р.ЖАРГАЛАНТ