“Өнөөдөр” сонины Эрх зүй, эрэн сурвалжлах мэдээллийн албаны сурвалжлагч Г.Цолмон Монголын энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд багтан, дэлхийн халуун цэгийн нэг Афганистан улсад сар шахам ажиллаад ирлээ. Бөмбөг дэлбэрч, буун дуу тачигнаж, олон улсын энхийг сахиулагчид төдийгүй энгийн иргэдийн амь өнөө хэр үрэгдсээр байгаа тус улсаас хийсэн цуврал сурвалжлагыг уншигчдадаа хүргэж байна.
Хөх тэнгэр минь цэнхэртсэн Монголын уудам талаас дэлхийн халуун цэгийн нэг Афганистан улсыг зорих ховорхон боломж сурвалжлагч надад тохиов. Монгол Улсаас тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг дэмжигч цэргийн алба хаагчдынхаа ээлжийг хүлээлцэх, тус улсад Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гоос явуулж ирсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд оролцож буй цэргийн алба хаагчдынхаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Г.Энхбаатар, ЗХЖШ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Батчулуун, ЗХЖШ-ын Ар тал, хангалтын газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ж.Баясгалан нарын албаны хүмүүс тавдугаар сарын 25-нд Улаанбаатараас ХБНГУ-ын цэргийн тээврийн онгоцоор Исламын бүгд найрамдах Афганистан улсыг зорьсон юм.
Афганистаны Бадакшан мужийн Файзабад хот 2012.06.03
ХБНГУ-ын цэргийн багт багтаж Афганистанд үүрэг гүйцэтгэх Монголын Зэвсэгт хүчний VI ээлжийн бүрэлдэхүүнийг хүргэж, ээлж хүлээлцэх ажлыг энэ албаны хүмүүс гүйцэтгэхээр томилогдсон. Албаны хүмүүсийн эгнээнд сурвалжлагч надаас гадна БХЯ-ны гэрэл зурагчин, ахмад Ц.Баярсайхан, тус яамны харьяа “Дуулга” студийн найруулагч Т.Эрдэнэсүх, “Соёмбо” сонины сурвалжлагч, дэд ахлагч Д.Алтанхуяг, “Боловсрол” телевизийн зураглаач З.Мөнхзол, “Непко” хэвлэлийн компанийн редактор, зохиолч Д.Түмэн- Өлзий нар багтсан юм.
АФГАН ТОГТВОРГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
Бид Улаанбаатараас хөөрөөд хоёр цагийн дараа ОХУ-ын Новосибирск хотод газардаж, онгоцоо цэнэглээд цааш нислээ. Уг нь Казахстаны нутаг дээгүүр өнгөрч, хүрэх газрынхаа захад очих ёстой байв. Гэвч Казахстаны тал цэргийн онгоц нутаг дээгүүрээ өнгөрүүлэх зөвшөөрөл олгоогүйгээс ийнхүү зам хазайж тойруу замаар явлаа. Цэргийн тээврийн онгоц найман цагийн турш ниссэний эцэст Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн Амударъяа мөрний эрэг дэх Узбекстаны өмнөд хэсгийн Термез хотод газардсан юм. Тэнд ХБНГУ-ын цэргийн бааз байрлах агаад цэргийн багийнхан, албаны хүмүүс хоноглоод тавдугаар сарын 26-нд орон нутгийн цагаар 10.00, Улаанбаатарын цагаар 13.30 цагт тээврийн “С-160” маркийн байлдааны онгоцоор 20 минут нисэж, Афганистаны хойд хэсгийн Бадакшан мужийн Мазар-Э-Шариф хотыг зорилоо.
Тэнд НАТО-гийн цэргийн “Мармал” баазад ирсэн юм. Энд хойд бүсийн төв командлал байдаг агаад холбогч офицер, хошууч У.Уянгасайхан монгол цэргүүдтэй холбоотой бүхий л асуудлыг зохицуулж, цэргүүдээ очих газарт нь хүргэх гэх мэт ажлыг нарийн зохицуулж өгч байсан юм. Хойд бүсэд 20 гаруй орны 45 мянган цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уртаараа 1400, өргө- нөөрөө 400, нийт 162 мянган ам км газар нутагт байдал тогтоворжуулах үйл ажиллагаа явуулж байна.
Харин энэ бүсийн ХБНГУ тэргүүлж буй сэргээн босгох бүсэд Монгол Улсын Зэвсэгт хүчний 150 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй юм. Энэ бүс бусад бүс нутгийг бодвол харьцангуй тайван. Гэхдээ л үе үе буун дуу гарч, амиа золиослогчийн болон алсаас халдлага үйлдэх нь цөөнгүй. Биднийг “Мармал” баазад байх хугацаанд ямар нэгэн халдлага, дайралт, амиа золиослох үйл явдал гараагүй юм. Мазар-Э-Шариф хот дахь “Мармал” бааз руу болон эргүүл, цуваагаар явж буй эвслийн цэргийн хүчин рүү халдсан тохиолдол энэ оны эхний улиралд 22 удаа гарчээ.
Бид тавдугаар сарын 27-ны өглөө Мазар-Э-Шарифаас Кабулыг зорин “С-160” байлдааны онгоцоороо нислээ. “С-160” гэхээр уншигчид сайн мэдэхгүй байж магадгүй, гэхдээ барууны байлдаантай кинонд гардаг ачаа болон шүхэрчид буулгадаг, ар талаараа зорчигч, ачаагаа оруулдаг онгоц гэхээр гадарлах байх. Кабул руу хөөрөхөөс өмнө бидний аюулгүй байдлыг хангах үүднээс хүн бүрт сум үл нэвтрэх хантааз, дуулга өмсгөв. Бидний өмссөн хантааз хэмжээнээсээ шалтгаалж 15-18 кг жинтэй, дуулга нь долоон кг. Дээр нь аппарат, ойр зуурын солих хувцсаа хийсэн цүнх гээд бид хэд хөөрхөн ачаа үүрлээ. Ингээд л 40 градусын халуунд хөлсөө урсгаад л аялаад байв.
Бидний ачаа цэргүүдийн үүрч яваа ачааны хажууд юу ч биш. Гэхдээ л халуунд байлдааны онгоцонд суух, хуягласан машинаар зор чих нь нэлээд хүнд ажил. Энэ мөчөөс л дайн тулааны талбарт явж байгаа, хаа нэгтэйгээс буудчих болов уу гэх сэтгэгдэл төрж эхэлсэн. Ялангуяа онгоцоор зорчих үед талибанчууд онгоц руу пуужингаар харвачих вий гэсэн болгоомжлол төрж байсныг нуух юун. Чанга дуутай, агаар сэлгэгч муутай уг онгоцонд хөлсөө гоожуулан сууж хоёр цаг гаруй ниссэний эцэст Кабулд ойртов. Дуу намсгах зориулалтай, бохь шиг жижиг хоёр резин өгснийг нь халаасандаа хийсэн ч хайгаад олсонгүй. Аргагүйн эрхэнд гар утасныхаа чихэвчээр хөгжим сонсон явсан ч онгоцны дуунаас илүү гарахгүй юм билээ. Кабулд ойртох тусам сэтгэлд хуримтлагдсан түгшүүр улам ихсэж байв.
Кабул дахь “Кайяа” бааз, Кабулын олон улсын нисэх буудал ууланд тун ойрхон. Ойролцоох уулнаас талибанчууд том жижиг буугаар тас няс, пүн пан хийлгэвэл…. гэхээс сэтгэлд айдас төрж байлаа. Азаар ямар нэгэн муу зүйл бидэнтэй таарсангүй эсэн мэнд Кабулд буув. “Эггерс” баазын харуул хамгаалалтыг хариуцаж буй манай цэргийн ротын захирагч, дэд хурандаа П.Ариунбат биднийг тосон авлаа. Тэд Кабулын “Ногоон бүс”-ийн дээрх баазад харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй юм. “Ногоон бүс” хэдийгээр харуул хамгаалалт сайтай ч хамгийн аюултайд тооцогдох юм билээ. Тэнд буун дуу гарах, халдлага дайралт болох нь хэвийн үзэгдэл гэхэд хилсдэхгүй. “Ногоон бүс”-эд “Эггерс” бааз, Афганистан улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд, Ерөнхийлөгчийн ордон, дунд сургууль гээд чухал объектууд оршдог. Кабулд “Эггерс” баазын хариуцаж буй энэ “Ногоон бүс”-эд 2012 он гарсаар тавдугаар сарын 25 хүртэл 2629 халдлага дайралт гарч, эвслийн цэргийн 160 алба хаагч амь үрэгджээ. Тэдний дундаас хамгийн том тооцогдох халдлага энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны 13.00 цагт гарсан аж.
Манай цэргийн баг “Эггерс” баазын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, тэндхийн эргэн тойронд байрлах харуулын цамхагт ээлжлэн гарч орчин тойрныг хянана. Түүний зэрэгцээ баазын байрлал дотуур явж энд тэнд сэжигтэй зүйл буюу тэсэрч дэлбэрэх бодис орхисон эсэхэд хяналт тавих зэргээр аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Харин дээрх халдлагын гол хэсэг ХБНГУ-ын ЭСЯ руу чиглэсэн хэдий ч манай цэргүүдийн сууж буй харуулын цэг рүү хэд хэдэн удаа буудсан бөгөөд сум нь хаалганы дээд талд туссан нь тод харагдав. Энэ халдлагыг талибанчууд үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “Энэ жилийн урин дулааны үеийн хамгийн эхнийх. Цаашид ч олон халдлага дайралт хийх болно” гэж мэдэгдсэн байна. Алан хядагчид тус баазаас 300 метр зайд барьж буй зочид буудлын барилгад нэлээд олон хоногийн өмнөөс галт хэрэгслээ базааж байсан аж. Энэ өдөр тэнд жинхэнэ тулгаралт болсон бөгөөд Канад, Америкийн тусгай хүчнийнхэн дөрөв дүгээр сарын 15-ны 13.00 цагаас 16-ны 08.30 цаг хүртэл тулалдаж, талибаны 10 гаруй гишүүнийг устгасан бол эвслийн цэргийн хүчнээс нэг ч хүн амиа алдаж, шархдаагүй гэнэ. Энэ үед дээрх хоёр орны тусгай хүчнийнхэн байлдааны нисдэг тэрэг ашиглаж, алан хядагчдыг устгасан тухай бичлэгийг цэргийн багийнхан бидэнд үзүүлэв. Кабулд энэ өдөр хэд хэдэн газар үүнтэй төстэй халдлага гарчээ.
Харин “Эггерс” бааз дотор байсан эвслийн цэргийн алба хаагчид хоргодох байрандаа орж нуугдсан бол манай цэргийн багийнхан харуулынхаа цэгт хүч нэмэгдүүлж, дээрх ажиллагааг дуустал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Харин түүнээс хойш тавдугаар сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистанд гэнэтийн айлчлал хийгээд буцсан, Талибан хөдөлгөөний удирдагчдын нэг Осама бен Ладенийг устгасны нэг жилийн ойг тохиолдуулан тус хөдөлгөөнийнхөн машинтай болон явган амиа золиослогчийг “Эггерс” бааз руу илгээн халдлага үйлдэж, жирийн иргэдийн амь насыг хохироосон байна. Ийм алан хядах ажиллагаа цаашид ч үйлдэгдэх магадлал өндөртэй тул манай цэргүүд үргэлж сонор сэрэмжтэй байж, үүргээ амжилттай гүйцэтгэж байгааг дурдах нь зүйтэй байх.
Бид “Эггерс” баазад гурав хоносон. Очсоны маргааш өглөө орон нутгийн цагаар 08.00 цагийн үед баазын ойролцоо автомат буугаар буудах дуулдсан. Харуулууд хаанаас хааш чиглэж буудсаныг тодорхойлох гээд чадаагүй. Дараа өглөө нь энэ явдал мөн л давтагдав. Жижиг буугаар 1-2 удаа буудах нь тухайн бүсдээ нэг их сүртэй асуудал биш бололтой. Гэхдээ л Кабул, тэр дундаа “Ногоон бүс” бол аюулын зэрэглэл өндөртэй нутагт тооцогдож байгаа нь цэргийн амьдрал, тэр дундаа дайн байлдаан үзээгүй над мэтийн хүмүүст бүр ч илүү түгшүүртэй санагдаж байлаа. Түүний зэрэгцээ биднийг “Эггерс” баазаас түүний гадна талд 100-гаад метрт байрлах Монгол цэргийн байр хүртэл явахад үргэлж хантааз, дуулга өмсүүлж байсан нь түгшүүр дээр нэмээд улам айдас төрүүлнэ.
"АФГАН ХҮН БҮР ТАЛИБАНЫ ГИШҮҮН БАЙДАГ”
Исламын бүгд найрамдах Афганистан улс алт мөнгө, зэс, цайр, газрын тос гээд ашигт малтмалын арвин нөөцтэй. Үүнд нь шүлэнгэтсэн Зөв лөлтийн удирдагчид 1979- 1989 оны хооронд тус улс руу цэрэг оруулсан. Харин үүнийг нь афганчууд эсэргүүцэж, дайт сан. Оросуудын дарангуйл лын эсрэг тэмцэж явсан хө дөлгөөнийнхнийг тухайн үед душман гэж нэрлэж байж. Тиймдээ ч 1980-аад оны сүүлчээр манай нэрт яруу найрагч З.Дорж гуай “Бо лор цом” наадамд душманд буудуулж явсан тухайгаа шүлэглэсэн байдаг.
Харин 2001 оноос хойш терроризмтэй тэмцэх нэрээр АНУ цэргээ оруулсан бөгөөд үндсэндээ Афганистан улс сүүлийн 30 гаруй жил дайны хөлд нэрвэгдэж буй, ядуу буурай орон болсон юм. Үүнээс ч өмнө тус улс иргэний дайн, үндэстэн хоорондын тэмцлээс болж дайтсаар байж. Тухайлбал, 1880-аад оны сүүлчээс паштун үндэстнүүд газар нутгийн ихэнхийг хариуцаж байсан хазарачуудыг хомроглон устгаж эхэлсэн бөгөөд тэр үед 1.5 сая хазара хүнийг хөнөөсөн аж.
Хазара үндэстэн бол манай монголчуудын байлдан дагууллын үед Хорезмийг дайлаар мордоход Амударъяа, Сэрдаръяа мөрний бэлчирт үлдсэн мянгат цэргийн үр удам гэдэг. Тэдний газар нутгийг паштун үндэстнүүд эзэлж, хомроглон устгаж эхэлснээр Афган дайны байдалд байсаар ирсэн гэж үзэх түүхчид ч байдаг юм билээ. XIX зуунд энэ байдал үргэлжилсэн бол 1970- аад он хүртэл тэнд иргэний дайн дэгдэж мөн л олон хүний амь нас хохирсон байх юм.
Түүнээс хойш хоёр их гүрний цэргийн ажиллагааны түшиц газар, шинэ төрлийн зэвсэг техникээ турших талбай болсоор өнөөг хүрчээ. Өдгөө терроризмын гол хүч болох Ал-Кайда, Талибан, “Хакканы сүлжээ”, Узбекстаны лалын ахан дүүс гэх мэт бүлэглэл Афганистан, Пакистаны уулархаг бүсэд орогнож, өвөл дөө “амарч” байгаад хавраас үйл ажил лагаагаа идэвхжүүлэн халдлага дайралтаа хийдэг.
Талибан хөдөлгөөн бол 1994 оноос үйл ажиллагаа идэвхтэй явуулж эхэлсэн, эхэндээ зөвхөн оюутны хөдөлгөөн байсан бол цаашлаад олон улсын хэмжээний алан хядах байгууллагын нэг болж өргөжсөн байна. Харин түүнтэй хамтарч ажилладаг “Хакканий сүлжээ” гэх бүлэглэлийг Афганы армид дээгүүр албан тушаал, цолтой үүрэг гүйцэтгэж байсан Жалулдин Хаккани үүсгэн байгуулсан бол түүний хүү нь Сиражуддин Хаккани өдгөө тус бүлэглэлийг толгойлох болжээ.
Энэ хоёр бүлэглэлийг яагаад онц лон дурдав гэхээр Афганд үүрэг гүйцэтгэж буй эвслийн цэргийн хүчний тагнуулын албадад ирсэн мэ дээллээр дээрх хоёр бүлэглэл хамтран нэлээд томоохон халд лага, дайралт үйлдэхээр зэ хэж байгаа юм байна. Тэд хар тамхины нэг төрөл болох намуу цэцгийн тариалалтын хаврын урга цаас хөрөнгөө босгож, улмаар зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис авдаг аж. Ийнхүү олсон санхүү жилтээрээ алан хядах ажиллагаагаа эхлүүлж буй гэнэ.
Биднийг Кабулд байх үед эвслийн цэргийн хүчний тагнуулын албад “Хакканий сүлжээний 13 амиа золиослогч тус хотод суугаа АНУ-ын ЭСЯ, эвслийн цэргийн хүчний баазуудын гол шалган нэвтрүүлэх цэгүүд, “Ногоон бүс”-эд байрлах гол чухал объектууд руу автомашинтай амиа золиослогчийн халдлага үйл дэхээр зэхэж байна” гэсэн мэдээлэл авчээ. Тэд эвслийн цэргийн хүчнийхний ашигладаг “Тоёота” маркийн автомашинууд бо лон Афганистаны үндэсний арми, үндэсний цагдаагийн хүчний хувцас ашиглахыг завдаж буй гэнэ
Хэдийгээр биднийг тэнд байхад энэ алан хядах ажиллагаа болоогүй ч тагнуулын албадын шугамаар авсан мэдээлэл ихэнх нь баталгаатай байдаг аж. Дөрөвдүгээр сарын 15-нд тус баазын ойролцоо болсон халдлагын тухай мэдээлэл тагнуулын албадын шугамаар 2012 он гарахаас өмнө ирж байсан гэдгийг АНУ-ын цэргийн нэгэн офицер бидэнд ярьж байсан.
Түүнээс гадна Афганы үндэсний арми, үндэсний цагдаагийн хүчний алба хаагчид ч эвслийн цэргийн хүчин рүү халдах магадлалтай гэсэн. Үүнийг “Green on blue” гэж нэрлэж буй бөгөөд “Эггерс” баазаас өөр баазуудад ийм халдлага хэд хэдэн удаа гарчээ. Үүний улмаас эвслийн цэргийн хүчний цөөнгүй алба хаагч амиа алдсан аж. Өдгөө тус улсад үүрэг гүйцэтгэж буй эвслийн цэргийн хүчний алба хаагчдын дунд “Афган хүн бүр талибаны гишүүн байдаг” гэсэн яриа байдаг нь дээрх халдлагуудтай холбоотой байхыг үгүйсгэхгүй.
Харин эвслийн цэргийн хүчин байдал олон мянган цэргийн алба хаагчдын амь насыг хамгаалах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд их хэмжээний хөрөнгө гаргаж, мэдээлэл худалдан авдаг юм байна. Тухайлбал, алан хядах үйл ажиллагаа явуулах гэж байгаа тухай мэдээллийг эвслийн цэргийн хүчний тагнуулын албад маш өндөр үнээр худалдаж авдаг гэж ярих юм билээ. Тиймдээ ч энд тэнд тавьсан тэсрэх бөмбөгүүдийн тухай мэдээлэл алан хядах ажиллагаа болохоос өмнө эвслийн цэргийн хүчнийхэнд ирж аюул учруулахаас нь өмнө илрүүлэн устгаж байсан юм. Энэ тухай бид дараачийн дугаартаа дэлгэрэнгүй хүргэх болно.
ЦЭВЭР УС, ҮЗЭГ, БӨМБӨГ АФГАН ХҮҮХДҮҮДИЙН МӨРӨӨДӨЛ
Зэвсэгт хүчний ангиудад очиж хааяа нэг сурвалжлага хийж байснаас өөрөөр цэргийн амьдрал бараг үзээгүй шахам бид хантааз, дуулгандаа түүртсээр АНУ-ын цэргийн эргүүл, хамгаалалтын машинд суун дээрх баазыг зорив. Ингэж явахдаа Кабулын нэгээхэн хэсгийн амьдралтай бага зэрэг танилцлаа.
Тус хот төдийгүй Афганы ихэнх нутаг шаварлаг хөрстэй, бороо хур багатай байдгаас зөөлөн хөрс нь агаарт дэгдэж, тоос болон бу жигнана. Үүнээс улбаалаад бүх зүйл нь шаравтар саарал харагдана. Захын хорооллын гудамжинд хүн багатай. Харин төв хэсгээрээ буюу ногоон бүсдээ бү хий л амьдрал үргэлжилнэ. Эр чүүд нь энд тэнд бөөгнөрөн сууж ямар нэгэн юм төлөвлөж буй мэт сууцгаана. Хууз сахал, хөнхөр нүд, хүйтэн харцтай афган эрчүүд юу төлөвлөн бөөнөөрөө ингэж суугаа бол гэх сэжиг төрж байсан. Магадгүй нөгөө алан хядах ажиллагаануудынхаа талаар ярилцаж байж мэднэ гэсэн бодол төрж байсныг нуух юун.
Түүнээс гадна арилжаа наймааг эрчүүд нь гүйцэтгэнэ. Гадуур явах даа гивлүүрийн цаана нуугдсан бүсгүйчүүд гэртээ сууж, хүүхэд төрүүлж өсгөх үүрэгтэй байдаг бололтой. Кабулд ч тэр бусад нутагт ч ялгаагүй эвслийн цэргийн баазын цэвэрлэгээ гэх мэт ажлыг эрчүүд л гүйцэтгэнэ. Афганчуудын амьдрал ядуу. Монголыг бодвол дулаан тулдаа л тэд амьдраад байж болдог бололтой.
Тэнд баячууд нь хоёр давхар хауст сууж, “Ланд- 200” унаж, цөөн хүний суудалтай хувийн нисэх онгоц хөлөг лөнө. Тэднээс арай доогуур түвшнийх нь “Уаз- 469” унаж, хонь үхэр зэрэг мал аж ахуйтай. Дараачийн түвшнийх нь “Лада” болон Японы суудлын авто машинтай. Түүнээс доогуур түвшнийх нь нэг морьтой байгаа бол тэдний дараагийнх нь илжигтэй. Илжгэндээ эхнэрээ мордуулаад өөрөө хөтлөн уулын нарийхан жимээрээ алхаж, хот, тосгон, гэрийнхээ хооронд явна. Хамгийн ядуу нь хөл нүцгэн “хатирна”. Афганчуудын амьдралын нэг хэсэг ийм байлаа.
Афганчууд хүүхдүүдээ хэдийгээр сургуульд сургадаг ч амьжиргааны түвшнээс болоод мэргэжил эзэмшүүлэхэд хүндрэлтэй байдаг гэж цэргийн баазад монголчуудтай хамт үүрэг гүйцэтгэж буй хазара эр хэлж байсан. Хүүхдүүд хичээлдээ явах, ирэх замдаа цэргийн цуваатай таарвал ямар нэгэн юм нэхэн шулганан хойноос гүйлдэх юм билээ. Арай томхон нь англиар “Water, ball, pen” гэх мэтийг нэхэн даган шогшино. Тэдний нэгэнд нь цэргүүд юм бэлэглэхэд бусадтайгаа хуваахгүй ганцаараа л “эзэм ших” муу зуршилтай. Нэг хүүхэд явж байхад түүнд ямар нэгэн зүйл бэлэглэвэл түүнийг харсан арай томоохон нь нүд халтирам болтол зодоод булаан авах нь энүүхэнд. Тиймээс энэ бүгдээс болгоомжлон цэргүүдийг хүүхдүүдэд ямар нэгэн зүйл өгөхийг хориглосон байдаг юм билээ.
Цэргийн баазад ажиллаж буй афганчууд оройдоо ганц хоёр сав цэвэр ус авч гарч байхтай олон удаа таарсан. Уг нь бол цэргийн баазын хашаан дотор 0.5-1 литр хүртэл хэмжээгээр савласан цэвэр ус хаа сайгүй овоолоостой байдаг юм билээ. Афган ажилчид тэндээс ердөө гурвыг л авч гэртээ харина. Түүнээс илүүг авдаггүй нь хачирхалтай. Яагаад олныг авч явдаггүй талаар афганчуудаас, гадаадын болон Монголын цэргийн алба хаагчдаас лавлахад хэн нь ч хариулж мэдэхгүй байсан. Бодвол тогтсон уламжлал байдаг байх гэх ганц нэг хүн байсан. Харин гэрт нь нөгөө цэвэр ус үнэт эрдэнэ болдог гэсэн. Хүүхдүүд нь аавыгаа баярлан тосож, ээжээрээ усаа тэнцүү аягалуулж уудаг гэж манай цэргийн харуулын байрны гадна талд аюулгүй байдал ханган ажиллаж буй афган залуу орос, англи хэл холин ярихдаа бидэнд хэлэв.
Хүүхдүүд хэдийгээр бидний эсрэг ямар нэгэн атгаг санаа агуулаагүй ч бол гоомжтой хандах, энд тэнд орхисон эд зүйлийг авахгүй байхыг цаг үргэлж цэргүүд бидэнд сануулж байсан.
Үргэлжлэл бий.