“Цагдаагийн тангараг- 1”, “Диваажин”, “Монгол Улсын төлөө зүтгэе” зэрэг киноны найруулагчаар ажиллаж байсан Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулж цагдан хориод байгаа. Түүний ах болон багш нар нь сэтгүүлчдэд хандаж түүнийг хууль бусаар байцааж, дарамт шахалт үзүүлсэн гэж мэдээлсэн. Тэдний мэдэгдлийг ТЕГ-ын албан эх сурвалж няцаалаа.
-ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэн Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан үндэслэлээр Г.Бадамрагчаа нарт холбогдох хэргийг шалгаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хууль бусаар баривчилж хорьсон, мөрдөн байцаалтын үеийн журам зөрчсөн мэтээр ташаа мэдээ цацах боллоо. Энэ хэргийг хуулийн хүрээнд, прокурорын хяналт дор шалгаж байгаа.
Г.Бадамрагчааг уран бүтээлтэй нь холбогдуулж, улс төрийн шалтгаанаар баривчилсан гэх яриа, мэдээлэл огт үндэслэлгүй, бодит байдлыг гуйвуулж байна гэдгийг мэдэгдье.
Түүнд эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үндэслэл байсан. Болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч баривчилсан. Баривчилгааны үеийн ажиллагаа болон мөрдөн байцаалт хуулийн хүрээнд болсон. Мэдүүлэг авах болгонд өмгөөлөгч нь оролцож байгааг энд дурдах нь зүйтэй. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Г.Бадамрагчаа нарын хэрэг нь зохион байгуулалттай гэдэг утгаараа ноцтой хэрэг гэдгийг энэ дашрамд онцлон тэмдэглэж байна гэлээ.
Г.ЦОЛМОН