Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 348 дугаар чиглэлийн ажилтнууд их хэмжээний самар хууль бусаар бэлтгэн нөөцөлж байсныг өнгөрсөн даваа гаригийн үдэш илрүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Монос” группийн дэргэдэх агуулахад “Норд бенз” маркийн ачааны автомашинаас шуудайлсан зүйл буулгаж байжээ. Эргүүлийн цагдаа нар очиж шалгахад машины тэвшинд элсэн дор шуудайлсан самар нуусан байсан гэнэ.
Уг самрын эзэн гэх Багануур дүүргийн харьяат Н гэгч эмэгтэй орон нутгаас цуглуулсан самраа нийслэлд оруулж ирэхдээ хууль бус үйлдлээ нуухын тулд элсэн дор нуужээ. Цагдаагийнхан 26.5 тн самрыг хураан авч, битүүмжлээд мөрдөн байцаах албанд хэргийг шалгуулахаар шилжүүлсэн аж.
Г.АРИВЖИХ