Зөвлөлтийн сансрын нисэгч Владимир Комаров өөд болоод 45 жил болов. Албан ёсны мэдээгээр бол сансрын буугч аппаратын шүхэр нь задраагүйгээс тэрбээр дэлхийд хөл тавьж чадаагүй хальсан аж. Гэхдээ хөлгийн бүхээг дэх халуун огцом ихэссэнээс нисэгчийг тойрог замд байхдаа “шатсан” гэсэн таамаг бас байдаг. Ямар ч байсан Комаровын орилж хашгирах дууг Дэлхий дээр байгаа хүмүүс радио холбоогоор сонссон юм. Тэрбээр эрс дэхийн өмнө найдваргүй хөлөг бүтээсэн зохион бүтээгчдийг, түүнийг хаашаа ч зайлах газаргүй үхэх зам руу илгээсэн төрөлх намаа зүхсэн байдаг. Энэ осол, үхлийн нууц бага багаар ил болсоор байна.
1967 оны дөрөвдүгээр сарын 23- ны 03.35 цагт дэлхий орчмын тойрог замд “Союз-1” хэмээх сансрын хөлөг хөөргөснийг Зөв лөлтийн гол хэвлэл байсан “Правда” сонин мар гаашийн дугаартаа мэдээлжээ. Хөлгийн бүхээгт 40 настай коммунист Владимир Комаров байлаа. Энэ бол сансрын нисэгчийн хувьд хоёр дахь нислэг нь байв.
Тэрбээр 1964 онд Константин Феоктистов, Борис Егоров нарын хамт “Восход” хөлгөөр дэлхийг 16 тойрсон байлаа. Үүний учир Комаров ЗХУ-ын баатар цол хүртэж, загас агнуурын нэг хөлөг онгоцыг түүний нэрээр нэрлэсэн юм. “Правда” сонинд тухайн үед бичиж байснаар “Сансрын нисэгч Комаров” хөлөг онгоцны баг “Союз-1”-ийн сансрын нислэгт зориулж загас агнах хоёр жилийн төлөвлөгөөгөө хугацаанаас нь өмнө биелүүлж, ган хайлуулагчид энэ үйл явдлыг тохиолдуулан олон тонн ган давуулан хайлуулж байжээ. Түүнчлэн “Союз-1” хөлгийн нислэгийн хөтөлбөр төлөвлөсөн ёсоор биелж, бүх ажил хэвийн байна хэмээн “Правда” сонин мэдээлж байв.
Харин энэ хөлгийн нислэг чухам ямар зорилготой хийгээд хөлгийн талаар ганц ч үг дурссангүй. Гэтэл ердөө маргааш нь л тус сонинд Владимир Комаровыг нас барсан тухай мэдээлж, зургийг нь гашуудлын байдалтай нийтэлсэн байлаа. ТАСС-ын албан ёсны мэдээнд “Газраас долоон км-ийн өндөрт шүхрийн гол оройг нээх үед оосор нь орооцолдсоноос хөлөг асар хурдтайгаар доошилсон нь Комаровын үхлийн шалтгаан болсон байна. Түүний энэ цаг бусын үхэл Зөвлөлтийн ард түмэнд тохиолдсон том гарз юм” гэсэн байв. Эмгэнэлт явдлын тухайд олон түмний сонорт хүргэхээр эрх баригчдын амнаас гарсан үг ер дөө энэ.
Баатарынх нь хувьд Комаровын шарилыг Кремлийн хананд нутаглуулав. Нисэгч хийгээд сансрын буугч төхөөрөмжөөс ердөө үнс л үлдсэнийг Оренбург мужийн нутгаас олсон гэдэг. Энэ явдлын талаар дараа нь Зөвлөлт орон даяар цуурхлын давалгаан дэгдэв. “Комаров нислэгийн үед ухаан алдсан, хол боо барихгүй байсан, хөлдсөн, дэлхий дээр буух замд нь бүхээгт гал гарсан гэх мэт асуултыг хүмүүс бидэнд тавиад байна” хэмээн Комаровын дотнын нөхөр байсан төдийгүй “Союз-1” хөлгийн орлон нисэгч асан Юрий Гагаринаас “Ком сомольская правда” сонины сурвалжлагч Ярослав Голованов асуужээ. Гагарин 1967 оны тавдугаар сард сэтгүүлчтэй ярилцахдаа элдэв цуурхлыг бүгдийг нь няцаасан байдаг. “Энэ бол эмгэнэлтэй тохиолдол. Шүхэр ажиллаж эхлэх ёстой тэр агшин хүртэл бүх юм ном ёсоороо байсан. Хөлгийн дотор хүний амьдрах нөхцөлийг хангах системд ямар нэг гэмтэл гарсан тухай Комаров ер илтгээгүй. Радио холбоо тогтмол, сайн ч сонсогдож байсан”. Гагарин ийн ярьсан аж. Гэвч тэрбээр илэн далангүй байж чадаагүй нь тун удалгүй тодорхой болсон байна.
Эмгэнэлт явдлын тухай мэдээ Өрнө дахинд түглээ. Америкийн сансар судлаач Жеймс Обергийн хэлснээс үзвэл нислэгийг удирдах төвтэйгээ Комаровын ярьж байсныг тусгай албад нь бичээд авчихсан аж. “Тэр бичлэгээс үзэхэд амиа алдахаас өөр замгүй болсныг Комаров бүр тойрог замд явахдаа л мэдсэн” гэж Оберг хэлжээ. Америкийн тусгай албаны ажилтан байсан Перри Феллоуз нэрээ нууцалж (Уинслоу Пек) байж “Рампартс”сэтгүүлийн сурвалжлагчийн асуул тад хариулахдаа, Туркэд байрладаг радио тагнуулын баазад байхдаа Комаровын дууг өөрийн чихээр сонссон гэжээ. “Нөхцөл байдлыг сүйрэл болохоос өмнө дэлхий дээрх холбогдох хүмүүс мэдчихээд түүнийг засч залруулах гэж оролдсон. Ярилцагчдын дүрс нь харагддаг утсаар гэргий болон Ерөнхий сайд Косыгинтэй нисэгч ярьсан. Ерөнхий сайд нулимс унагаад, нисэгчийг “баатар” хэмээн нэрлэж, чи их үйлс бүтээлээ, чамайг хэзээ ч мартахгүй гэж хэлсэн.
Сүүлийн хэдэн минут зүрх шимширмээр байсан. Үхэхийг хүсэхгүй байна гэж сансрын нисэгч хашгираад, амь насыг нь аврах талаар ямар нэг юм хийхийг гуйгаад байсан. Бичлэгийн төгсгөлд нисэгч амиа тасартал хашгираад байсан. Түүнийг шатсан байх гэж би бодсон”. Феллоуз ийн ярьсан байна. Энэ үнэн үү, худал уу? Комаров хашгираад байгааг буулгасан хальсыг дэлхий дахинд сонсгоогүй. Харин ямар нэг хальс байгаа талаар сансрын хөлгийн Байконур буудлын Хяналтхэмжилтийн цогцолборын орлогч дарга Борис Покровский л ярьж байсан байдаг. Түүний хэлснээр Германы мэргэжилтнүүдийн хийсэн бичлэгийг тэрбээр өөрөө сонссон аж. “Тэр ямар нэг юманд сэтгэл нь зовоод байгаа юм байна гэсэн дүгнэлтийг Комаровын хэлсэн хэдхэн үгнээс хийж болохоор байсан. Тэгснээ радио шуугианыг нэвтлэн “би үхлээ” гэх үг дуулдсан. Шүхрийн талаар ер үг хэлээгүй” гэж Покровский “Дэлхий дээрээс сансар эхэлдэг” номдоо бичсэн байна. “Союз-1” хөлгийн нислэг бүр эхнээсээ л нэг биш байсныг өөрчлөн байгуулалт, ил тод байдлын үед л хүмүүс мэджээ.
Зөвлөлтийн зохион бүтээгчид, сансрын нисэгчид өнгөрсөн зууны 80-аад оны эцэс, 90-ээд оны эхнээс “дуугарч” эхэлсэн аж. “Союз-1” хөлөг айхтар том хөтөлбөртэй бай сан байна. Түүнээс хэдхэн хоногийн дараа Быковский, Хрунов, Елисеев нарын суусан “Союз-2” хөөрөх байжээ. Хоёр хөлөг сансарт залгагдах ёстой байлаа. Төлөвлөгөө ёсоор бол Евгений Хрунов, Алексей Елисеев нар задгай сансарт гарч, “Союз-1” хөлгийн бүхээгт шилжин сууж Комаровтой хамт эх дэлхийдээ эргэж ирэх байв.
Ийм маягаар Зөвлөлтийн сансрын нисэгчид ирээдүйд Сар руу хийх нислэгийг төлөвлөж байсан аж. Тэгтэл Быковский ганцаар түрүүлээд “Союз-2” хөлгөөр буцаад иржээ. Гэтэл эхнээсээ л бүх юм төлөвлөснөөр явсангүй. Хөөрснөөс нь хойш “Союз-1” -д гарсан гэмтэл зөвхөн мэргэжилтн үүдэд ойлгомжтой байсан нь мэдээж. Нарны зай хураагуур байсан нь хөлөг аливаа үйлдэл хийх, залгагдахад эрчим хүч дутагдаж байсныг харуулна.
Хөлгийг бас нисэгч нь л гар ажиллагаагаар залуурдахаас аргагүй болсон аж. Радио холбоо нь ч эвдэрсэн байна.
Хүмүүсийн яриагаар бол Комаров сансарт нисэж явахдаа харааж, үглэж байжээ. “Союз-2” хөлгийг нисгэх тухай бодохын ч хэрэггүй боллоо. Комаровыг буцааж ирүүлэх шийдвэр нэгэнт гарчихав. Дэлхийг 19 удаа тойроод Комаров хөлгөө “суулгах” ажиллагааг гар удирдлагаар хийв. Гэтэл яг газарддагийн даваан дээр буух аппаратын шүхэр задарсангүй. “Союз” хөлөг найдваргүй болсон нь хөөрөхөөс өмнө тодорхой болсон байжээ. Аме рикт тухайн үедээ цагаачлаад байсан, Зөвлөлтийн сансрын хөлгийн томоохон мэргэжилтэн Виктор Евсиков “Хөлгийг нарийвчлан туршаагүй, туршиж шалгая гэхээр хугацаа шаардлагатай байгааг Улсыг аюулаас хамгаалах хороо (УАХХ) мэдэж байсан юм билээ. Түүнийг хөөргөх гэж дөрвөн удаа оролдоод бүтэлгүйтсэн байв” гэж бичсэн бий. Хэрэв Евсиковт итгэх юм бол Сергей Королевыг залгамжилж үлдсэн, Зохион бүтээх I товчооны тэргүүн Василий Мишин энэ хөлгийг хөөрөхийг чадлаараа эсэргүүцээд дийлээгүй аж. Түүний үгийг сонссонгүй. “Хөлгийг хөөргөхийг Коммунист нам тушаасан” гэж Евсиков бичсэн юм. Ийн яарсан нь улс төрийн шалтгаантай байв. “Сансраар хөөцөлдөх” үйлсэд ЗХУ ямар ч үнээр хамаагүй АНУ-аас түрүүлэх ёстой байлаа.
Зөвлөлтийн нэрд гарсан зохион бүтээгч Борис Черток нас ахисан хойноо “Комаровт тохиолдсон эмгэнэл бол манайхны алдаа байсан. Хөлгийг бид хэт яарч хөөргөсөн. “Союз”-ыг найдвартай болтол нь бэлтгэж чадаагүй байсан юм” хэмээн хүлээн зөвшөөрсөн гэдэг. Байдлаас үзвэл ямар эрсдэлтэй юманд явж байгаагаа Комаров мэдэж байсан бололтой. Нисэхээсээ нэг сарын өмнө Комаров уйлж байсныг УАХХ-ны ажилтан байсан, Комаров, Гагарин нарыг сайн мэдэх Вениамин Русаев нотолсон байдаг. Русаевтай ярилцаж байгаад Комаров “Би буцаж ирэхгүй” гэж хэлжээ. Тэгэхэд нь, “Чи тэгвэл нисэхээс татгалзахгүй яасан юм бэ” гэвэл “Тэгвэл миний оронд Гагариныг явуулчих гээд байна” гэсэн аж.
Комаровыг амь үрэгдсэнээс хойш сарын дараа Гагарин “Комсомольская правда” сонины сурвалжлагчтай ярилцахдаа ихээхэн битүү хатуу байжээ гэхээр байсан аж. Тэрбээр “Бид цаашид ажиллана, амьдарна. Бид Эх орон, нам, Зөвлөлтийн ард түмнийхээ тушаалыг үг дуугүй биелүүлнэ” гэж хэлсэн байна. Русаевын үгээр бол анд нөхрөө амь үрэгдсэнд Гагарин асар их харамсаж, Леонид Брежневтэй уулзаж ярилцахыг ч хүсэж байсан аж. “Улс орныхоо хамгийн өндөр албан тушаалтантай би уулзах ёстой. Уулзаж чаддаггүй юм аа гэхэд тэрбээр ту хайн үед юу мэдэж байсныг нь мэдэж авах болно. Юу хийхээ би мэднэ”. Үнэхээр Брежневтэй Гагарин уулзаж чадсан гэдэг. Харамсалтай нь нэг жилийн дараа Гагарин өөрөө хачирхалтай байдлаар амиа алдсан билээ.
Р.ЖАРГАЛАНТ