БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Танлуу” гэх компанийнхан Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж, галт зэвсэг хадгалсан, ашигт малтмал хууль бусаар олборлож, үйлдвэрлэл явуулсан, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт холбогдож, хэдэн жилийн өмнө шуугиан дэгдээж байсан. Дээрх хэргийг шүүхээр шийдвэрлэж, зарим хүнийг Монгол Улсаас албадан гаргасан юм. Гэвч тэдний хөрөнгө оруулсан “Танлуу” гэх компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулсаар байна. Тухайлбал, Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэр нь ажиллаж буй бол Улаанбаатарт ресторанаа нээжээ.
Өнгөрсөн даваа гаригт тус компанийн ресторанд мөрийтэй тоглож байсан хүмүүсийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна. Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, хуучнаар “Залуучуудын соёлын төв”-ийн баруун хойд талд байрлах “Танлуу” ресторанд хүмүүс мөрийтэй тоглож байгаа тухай мэдээлэл цагдаагийнханд ирсэн байна. Үүний дагуу шалгахад БНХАУ-ын иргэн Жан Ян, Мэргэн, Хиа Кюнь нарын зургаан хүн мөрийтэй тоглож байжээ.
Тэд мөрийндөө 17 мянган юань, 860 мянган төгрөг тавьсан байсан бөгөөд түүнийг нь покерийн ширээний хамт эд мөрийн баримтаар хураан авч, өдгөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв.
Г.РАВЖАА