Мохамед Мурсийг Египетийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн исламын “Лалын ахан дүүс” хөдөлгөөн түүнийг сонгуулийн II шатны ялагчаар тодорсон тухай өчигдөр мэдэгдэв. М.Мурсийн сонгуулийн штабын мэдээгээр, түүний төлөө сонгогчдын 52.5 хувь саналаа өгч, харин Х.Мубаракийн Засгийн газарт Ерөнхий сайд байсан Ахмед Шафикийг 47.5 хувь нь дэмжжээ. Энэ нь саналын хуудасны 98 хувийг тоолсон дүн гэж “Лалын ахан дүүс” нотолсон ч албан ёсны дүн хараахан гараагүй байгаа аж.
Тавдугаар сарын 23-24-нд болсон сонгуулийн эхний шатны ялагчийг тодруулахад дөрөв орчим өдөр шаардагдсан. Санал хураалт дууссаны дараа ням гаригийн орой Египетийн цэргийн дээд зөвлөл Үндсэн хуулийн тунхаглал буюу түр Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаа мэдэгджээ. Эл өөрчлөлтөөр, хууль тогтоох засаглалын үүргийг шинэ парламент сонгогдох хүртэл Цэргийн дээд зөв лөл өөртөө авч байгаа аж. Мөн шинэ Үндсэн хуулийн талаар ард түмний санал асуулга явуулсны дараа Египетэд парламентын сонгууль шинээр зарлахаар заажээ.
Шинэ Үндсэн хуулийг гурван сарын дотор “төрүүлэхээр” тусган, нийгмийн бүх салаа мөчрийг төлөөлсөн Үндсэн хуулийн комисс байгуулах амлалт цэргийнхэн авчээ. Түүгээр ч зогсохгүй “улс орны дээд ашиг сонирхолд харшлах”-аар бол Үндсэн хуулийн төсөлд хориг тавих эрхийг өөртөө үлдээсэн байна.