“Нэг айл-нэг хүүхэд” нэрээр дэлхий дахин мэдэх болсон хүүхэд төрүүлэхийг хязгаарлах Хятадын төрийн бодлого албан хүчээр үр зулбуулах үйлдэлд олонтаа хүргэж буйг хүний эрхийг хамгаалах байгууллагууд нотолдог. Энэ зэмлэлийг Бээжингийн эрх баригчид ямагт эсэргүүцсээр ирсэн юм.
Тэгвэл Шэньси мужийн Анькан хотын эрх мэдэлтнүүд хүчээр үрийг нь зулбуулсан эмэгтэйгээс уучлалт хүссэн байна. Энэ хэрэгт холбогдолтой төрийн гурван ажилтан халагджээ. Тэр эмэгтэйг Фэн Цянмэй гэх бөгөөд хэвлийд нь бий болоод долоон сар болж буй ургийг авахуулахыг түүнээс шаардсан аж. Уг нь жирэмслээд зургаан сар болсноос хойш үр зулбуулахыг Хятадад хориглодог юм байна.
27 настай Фэн Цянмэйг хотын эмнэлэгт хүчээр аваачиж үрийг нь зулбуулжээ. Хэвлэлд мэдээлж буйгаар бол эмэгтэйн сэтгэл мэдрэлд өөрчлөлт орж, бие нь нэлээн хүнд байгаа гэнэ. Тэрбээр 2007 онд охин төрүүлээд, хоёр дахь удаагаа жирэмсэн болоод байжээ. Гэхдээ үрийг нь зулбуулах болсон нь хоёр дахь хүүхдээ төрүүлсний торгуулийн мөнгийг төлөх чадваргүй байсантай нь холбоотой гэж хүний эрх хамгаалагчид үзэж байна.
Нэг хүүхэдтэй байх бодлогыг эмэгтэйчүүдийг хүчирхийлэх зорилгоор байнга ашиглаж байдгийг энэ явдал харууллаа гэж АНУ-д байдаг Хятадын хүний эрхийг хамгаалах All Girls Allowed хэмээх байгууллагын гишүүн Чай Лин мэдэгдлээ. Фэн Цянмэйгийн нөхрийнх нь хэлснээс үзвэл гэргийг нь хүчээр эмнэлэгт аваачаад үрийг нь зулбуулахын өмнө хөдлөх чадваргүй болгосон аж.
Би-Би-Си агентлагийн Шанхайд ажилладаг сурвалжлагч Жон Садуорт “Ийм явдал Хятадад шинэ сонин юм уг нь биш л дээ. Харин энэ удаа жирэмсэн байсан эхийнх нь хажууд зулбуулсан үрийнх нь цогцсыг тавьчихсан байгааг интернэтээр олон түмэнд харуулсан нь л ийн олны дургүйцлийг хүргэлээ” гэж хэллээ. Энэ дүрс ол