Амралт чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө тоглож, цагийг зугаатай өнгөрөөх боломжтой газрын нэг нь хүүхэд залуусын хувьд PC тоглоом. Гэтэл PC тоглоомын газар ажиллуулагсад хүүхдийг удаан хугацаагаар тоглуулж, донтуулагч болгон, цаашлаад өсвөр насныхны хоног төөрүүлдэг оромж болгон, мөнгө олж байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Double clinc” тоглоомын газарт хүүхэд, залуус хонохгүй өдөр гэж үгүй. Цонхондоо хар даавуун хөшиг, хаалгандаа дуу намсгагч хийснээс харахад тус тоглоомын газар ямар хуваариар, яаж ажилладаг нь тодорхой. Тоглоо мын газрын ойролцоох байрны оршин суугчид бидэнд энэ тухай ярилаа.
С.Удвал (Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 21 дүгээр байрны оршин суугч, өндөр настан)
-Энэ тоглоомын газарт бага, өсвөр насны хүүхэд олноороо ирж тоглодог. Өдрийн цагаар хүүхдүүдэд үйлчилдэг бол бидэнд яриад байх зүйл алга. Гэтэл энэ газрынхан өдөржин, шөнө жин ажилладаг. Орой гаднаас нь харахад тас харанхуй, хуваарийн дагуу хаасан мэт байх боловч дотроо дүүрэн хүүхэд суулгачихсан тоглуулж байдаг. Олон цагаар компьютер тоглож, удаан суух нь хүүхдийн эрүүл мэндэд муу гэдгийг эзэд нь мэддэг л баймаар. Ямар ч агааржуулалтгүй, харанхуй орчинд хүүхдүүдийг байлгаж, мөнгөгүй заримынх нь эд зүйлийг барьцаалж тоглуулдаг юм билээ гэв.
Т.Самдан (21 дүгээр байрны хоёрдугаар орцны жижүүр)
-Их хэцүү газар. Орой 22.00 цагаас хойш хаалгаа тайлж өгөхгүй түгжчихнэ. Зарим эцэг, эх хүүхдээ хайгаад орох гэхээр онгойлгодоггүй. Цагдаа ирээд ч нэмэргүй. Саяхан 12 настай нэг хүү найзуудтайгаа нийлээд энд тоглосон юм билээ. Орой гарах гэсэн чинь хаалгаа тайлж өгөхгүй байсан гэсэн. Аав, ээж нь хүү рүүгээ утасдаад цагдаа дуудаж байж гаргаж авсан. Үүдээ нээчих вэл цагдаагийнхан ирээд хөөгөөд гаргачихна гэдэг гэсэн. Энэ газраар үйлчлүүлж, хоносон хүүх дүүд өглөө эрт орцонд орж ирнэ. Зарим нь халамцуу гарч ирээд хайрцаг дэвсээд унтаад өгнө. Тамхи татна, орцонд бие засаад их хэцүү байдаг. Дандаа дунд сургуулийнхан шүү. Уг нь энэ байгууллагыг үйлчилгээний газар гэж би ойлгодог. Гэтэл тоглоомын газрыг ажиллуулдаг хүмүүс хүүхдүүдийг хагас хорионд байлгаж, мөнгө олж байгаа нь буруу гэв.
2012.06.08-ны 07.20 цаг
Тус тоглоомын газарт 13 хүүхэд хоножээ. Тэдний хоёр нь эмэгтэй. “Нас, нэрээ хэлэхгүй” гэх охид дунд сургуулийн сурагч аж. “Бид тоглоом тоглож байгаад унтчихжээ. Ямар биеэ үнэлсэн биш, та нарт ямар хамаатай юм бэ” гэж уцаарлав.
2012.06.12-ны 06.50 цаг
Энэ өдөр тус газрын үүдэнд олон залуу байв. Ойртож очин яриаг нь чагнавал “П... гэж, өчигдөр орой ямар новш нь порно үзээд байсан бэ. Ядаргаатай байсан шүү. Дуу нь чанга байсан болохоор хамаг шар үс босчих шиг болсон. Одоо хаачих вэ” гэхэд нэг залуу
-Тамын газар руу л очихгүй юм шүү. Гайтай юмнууд үглээд.
-Гоймон авч идэх үү.
-Хаана идэх юм бэ. Халуун ус хаанаас олох вэ?
-РС-ний ахад ус буцалгагч байдаг юм билээ. Хоол идчихээд гаръя гэхээр уурлахгүй байлгүй дээ.
-Нөгөө шалгалт завхарч дууслаа шүү.
-За, тэр яадаг юм. Бид нарт хэрэгтэй юм биш. Өнөөдрийн мөнгийг чи олно шүү.
-Би хаанаасаа олдог юм бэ, даварсан п... вэ чи.
-Бид нар яаж олдог билээ, чи тэгж олохгүй юу. Ганц тамхи байхгүй юу гэсээр халаасаа ухаж, байгаа мөнгөө нийлүүлж гоймон авахаар явцгаалаа. Хэсэг хугацааны дараа тоглоомын газраас гарч ирсэн тэд гоймонгоо идсэн бололтой. Маргаашийн тоглоомын мөнгөө тэд хаанаас, яаж олдог юм бол. Ярьж байгааг нь сонсвол утас хулгайлж, ченжүүдэд зардаг бололтой.
2012.06.15-ны 06.30 цагт
Тус тоглоомын газраас гурван залуу гарч байгаа харагдав. Ойролцоох авто зогсоолын манаачтай уулзахад “Замбараагүй, хууль үйлчилдэггүй газар, бодвол нэг даргынх нь эзэмшлийн юм байгаа биз дээ. Бидний үгийг нохой хуцахын чинээ хүлээж авахгүй” юм гэв.
-Сүүлийн өдрүүдэд хүн хонуулахгүй байгаа бололтой?
-Үгүй шүү, хонодогоороо л хонож байгаа. Өглөө 05.00 цагийн үед арваад залуу гарч яваа харагдсан. Охид цөөнгүй байна лээ. Хүмүүс хүүх дүүддээ анхаарал тавихаа больчихсон юм шиг байна. Ялангуяа, охин хүүхдээ энд тэнд хоноод байхад мэдэхгүй л байдаг юм байх даа гэв.
Тус тоглоомын газрын хаалга нь онгорхой байсан учир орлоо. Цээж нүцгэн нэг залуу хоёр сандал зэрэгцүүлж тавьчихаад унтаж байв. Өөр хэн ч байсангүй. Архи, тамхины үнэр нэвт шингэсэн, бэлэн хоолны сав, хог шороондоо дарагдсан тус тоглоомын газрын хаана юу байгаа нь сайн харагдахгүй аж. Учир нь бүх цонхондоо хар даавуун, зузаан хөшиг хийсэн болохоор тэр. Унтаж байсан залуу нүдээ нухлан, нэг нүдээрээ харснаа “Одоо ажиллахгүй, гар” гэв.
“Та эзэн нь үү. Яагаад хуваарийн дагуу ажилладаггүй, байнга хүүхдүүд хонуулаад байдаг юм бэ” гэхэд “Бид хонуулдаггүй. Өөрсдөө л гуйсаар байгаад хоночихдог. Ингэхэд хэн болоод биднийг яаж ажиллахыг заагаад байгаа юм бэ” хэмээн уцаарлав.
Хаанаас яваа, ямар учир шалтгаантай ирснээ хэлэхэд “Хотод манайх шиг ажилладаг газар олон. Тэгээд ч бид ямар ч буруугүй. Энэ хүүхдүүд өөрсдөө л гуйгаад байдаг юм. Хүнийг тоглож байхад нь шууд хөөж болохгүй биз дээ” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Нийслэлийн цагдаагийн газраас хийсэн судалгаанаас харахад компьютер тоглоомын газарт энэ оны эхний таван сард гэмт хэрэг гараагүй ч дунд сургуулийн хүүхдүүд (12-16 насныхан) бие биенийхээ мөнгө, эд зүйлийг дээрэмдсэн хэрэг 22 удаа гарчээ. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ихэнх нь компьютер тоглоомын газарт найзуудтайгаа тоглохын тулд хулгай, дээрэм хийснээ хүлээжээ. Түүнээс гадна Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд мэдрэлийн ядаргаа, тархины судасны хатуурал, нарийсалтай хүүхдүүд ирэх нь нэмэгдэж буйг мэргэжлийн хүмүүс хэлсэн.
“Компьютер тоглоомын газарт нэг цаг суухад 1000 төгрөг төлдөг. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг тоглоомын бүх газар ийм л байдаг шүү дээ. Та үйлчлүүлдэггүй болохоор гайхаад байх шиг байна” гэх хүүхдүүд олон таарав. Эрүүл мэндээрээ хохирч буйгаа ухаарах сөхөөгүй донтсон хүүхдүүд тоглоомныхоо мөнгийг олохын тулд хулгай, дээрэм хийх нь энүүхэнд. Энэ мэт тоглоомын газруудыг хянадаг, хууль зөрчиж буй үйлдлийг нь таслан зогсоох үүрэгтэй газрууд анхаарлаа хандуулах цаг болсныг анхааруулъя.
Х.ОЮУНСҮРЭН