Найруулагч Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргээр ТЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Өнгөрсөн баасан гаригт түүний төрсөн ах Г.Нороврагчаа болон кинонд тоглосон жүжигчид мэдээлэл хийлээ.
Г.Нороврагчаа “Тавдугаар сарын 7-ны өглөө дүүг маань гэрээсээ гарахад нь хар хувцастай залуучууд хүч хэрэглэн баривчилжээ. Байцаагч Энхтөр 461 дүгээр хорих ангийн ажилтан Бат-Эрдэнэ,Чингүүн нараар дарамтлуулж, хэд хэдэн удаа өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан байгаа юм.
Хэргээ хүлээхгүй бол чамайг Төв аймгийн хорих анги руу шилжүүлнэ, 20 жилийн ял өгнө, цаазаар авна гэх зэргээр сүрдүүлэн өмгөөлөгчөөсөө татгалзаж, хэргээ хүлээ гэж тулгасан. Одоо миний дүү сэтгэл санааны их дарамтад байна” гэв.
Г.Бадамрагчаагийн тулааны урлагийн багш Л.Алдар “1992 оноос хойш түүнд тулааны урлаг зааж байна. Шавь маань ийм зүйл хийх хүн биш. Бид кинондоо тоглуулах гэж 50 залуугаас 10-ыг нь сонгон зураг авалтад бэлдсэнээс өөр зүйл байхгүй” гэж өгүүллээ. Жүжигчин Дорждавга “Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр эргүүлж чадаагүй төрийг жирийн уран бүтээлч яаж авах билээ” гэв.
Найруулагч Г.Бадамрагчаа нь “Цагдаагийн тангараг-1” киногоороо энэ салбарын үйл ажиллагаа, цагдаагийн амьдралыг сайн дүрсэлсэн хэмээн “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнуулж байсан удаатай. Ойрын хугацаанд батлан даалтад гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлэх, сэтгэлийн дэм өгөх, мөн ТЕГ-ын байцаагч Энхтөрөөс татгалзах зэрэг арга хэмжээ авна гэдгээ түүний ах Г.Нороврагчаа мэдэгдлээ.
Э. ЦЭЕНДЭРИЙ