Хятад улсын анхны эмэгтэй нисэгч багийн бүрэлдэхүүнд нь багтсан “Шэньжоу-9” нисэгчтэй сансрын хөлгийг бямба гаригт хөөргөлөө. Өмнөд хөршийн баруун хойд хэсгийн Ганьсу мужийн цөлд байрлах Зюцюань хэмээх сансрын буудлаас хөөргөсөн гурван хүнтэй хөлгийг сансрын тойрог замд “Чанжэн-2Ф” зөөгч пуужин хүргэх юм. “Шэньжоу-9”-ийн нислэгийн зорилго нь тойрог замд буй “Тяньгун-1” лабораторийн модульд ойртох, түүнтэй залгагдах болон салах технологийг боловсруулахтай холбогдоно.
“Тяньгун-1”- тэй залгагдсаны дараа сансрын нисэгчид тойрог замын модульд хэд хонохдоо шинжлэх ухааны хэд хэдэн туршилт явуулна. Тойрог замд тэд 10 гаруй хоног ажиллах гэнэ. “Шэньжоу-9” хөлгийнхөн аяллаа эхлэхийн өмнө Хятадын коммунист намын албаны хүмүүс, дээд түвшний зочид, хэвлэлийнхэнтэй уулзсан байна. Тус улсын CNTV компани мэдээлснээр, анхны эмэгтэй нисэгч Лю Ян Хэнань мужийн Линьжоу хотод мэндэлсэн. ХКН-ын гишүүн, 33 настай тэрбээр хошууч цолтой дөрөвдүгээр зэргийн нисэгч юм байна. 2010 оны тавдугаар сард сансрын нисэгчдийн II бүлэгт багтан, энэхүү нислэгт хоёр жил гаруй бэлтгэжээ.
Лю Ян гэрлэсэн, одоогоор хүүхэдгүй гэнэ. Тэрбээр тойрог замд анагаах ухааны туршилт хийх юм байна. “Шэньжоу-9”-ийн дарга, 46 настай Жин Хайпэн хоёрдахь удаагаа сансарт аялж байгаа бол, гишүүн Лю Ван Хятадын Үндэсний сансрын газрын сансрын нисэгчдийг бэлтгэх төвд 14 жил “данстай” явсны эцэст энэхүү нислэгт томилогджээ. 42 настай Лю Ван Ардын чөлөөлөх ар мийн байлдааны онгоцны нис гэгч. Хятадын нисэгчгүй сансрын хөлөг “Шэньжоу-8” 2011 оны арваннэгдүгээр сард хөөрч, тойрог замд хоёр аппаратыг залгасан нь тус улсын сансрын хөтөлбөрийн түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болсон.
Эл технолог сансарт өөрийн гэсэн станц байгуулахад зайлшгүй шаардагддаг. Урд хөрш ийм станцыг 2020 он гэхэд хөөргөхөөр төлөвлөж байгаа юм. Сансар судлалын хөтөлбөрт хэдэн тэрбумаар нь хөрөнгө хаяж буй тус улс саранд тойрог замын хоёр хиймэл дагуул хөөргөснөөс гадна хиймэл дагуулын навигацын Bei Dou системээ байршуулаад эхэлчихсэн.
Х.ЭНХ