Төв аймгийн цагдаагийн хэлтсээс “Алтан дорнод Монгол” компанийн хамгаалалтын албаны хоёр хамгаалагчид эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хориод байна. Тэднийг хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгаж буй юм. Энэ сарын 7-нд “Хүний хөгжил сан”-гаас ээжийнхээ мөнгийг авч, түүгээр нь гурил, будаа аван Заамар сумын Хайлааст баг дахь гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан 27 настай залууг хамгаалагч залуу зогсоон зоджээ. Түүнийг хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн гэж мотоциклоос нь унаган хэвлий рүү нь өшиглөсөн байна. Залуу тэр дороо эвхрэн унаж, удалгүй нас барсан аж.
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хамгаалагч түүний элгийг зад өшиглөсөн байжээ. Энэ хэрэг гараад хэдхэн хонож байтал тус компанийн бас нэг хамгаалагч хүний аминд хүрэв. Заамар суманд амьдардаг нэг залууг “Манай компанийн эзэмшлийн бүсэд нэвтэрч, хууль бусаар шороо авахыг завдсан” гээд мөн л зоджээ. Залуу ихээхэн гэмтсэн учир аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэхээр авч явсан аж.
Хамгаалагчид зодуулсан залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй замдаа амьсгал хураасан байна.
Д.ДАГВА