“Гранд плаза” их дэлгүүрийн зүүн хойд уулзварт долоон машин мөргөлдсөн томоохон осол өчигдөр гарлаа. Хэрэг болсон газарт 15.05 цагт биднийг очиход зөөврийн жижиг байшин ачсан “Hyundai” маркийн “УНӨ-4057” улсын дугаартай ачааны машин уг уулзварт хагас хөндлөн зогсчээ. Түүний зүүн захад байх “Ниссан” маркийн “УНС- 7014” улсын дугаартай автомашин болон ачааны машины хооронд “Hyundai Starex” маркийн “УНС-9143” улсын дугаартай автомашин хавчуулагдсан байв. “Старекс” маркийн автомашины зүүн тал тэр чигтээ чихэгдэж, шил нь бутарсан бөгөөд баруун хойд дугуйн хаймар салж унасан байлаа. “Toyota Prado”, “Benz G55”, “Toyota Allion” зэрэг нийт долоон автомашин уг ослын үеэр хоорондоо мөргөлджээ.
Гэрчүүдийн ярьж буйгаар “УНӨ-4057” улсын дугаартай ачааны машин “Максмолл” их дэлгүүрийн баруун зам дээрээс эрчээрээ ухарч ирэхдээ дээрх машинуудыг мөргөсөн гэнэ. “Том оврын автобусаар чирүүлэхээр хойд талын дугуйндаа ивээс хийх гэж байхад татлага нь тасарсан гэсэн. Гэтэл тоормос нь ажиллахгүй хар эрчээрээ ухраад ороод ирсэн” хэмээн уг хэргийг харсан явган зорчигч ярьсан юм. Харин татлага тасрангуут том оврын автобус нь яваад өгсөн гэнэ. Уг ачааны машины жолооч “Гандангаас энэ байшинг ачаад Модны хоёр руу явж бай гаад ийм юм болчихлоо” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Харин хоёр машины дунд хавчуулагдаж, авах юмгүй болсон “Starex”-ийн жолооч М.Батцэнгэл зүүн мөрөндөө бэртэл авсан бололтой байв.
Тэрбээр “Би уулзвараар зүүн тийшээ эргэх гэж байтал гэнэт урдаас ачааны машин ухраад ороод ирсэн. Сандрахдаа жолоогоо баруун тийш дарсан. Хэрэв тэгээгүй бол амиа алдах байлаа” гэв. Тэрбээр машиндаа хоёулаа явж байжээ. Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн энэ үеэр хэмжилт хийж байсан юм. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газрын байцаагч, ахлах дэслэгч П.Эрдэнэбаатар:
-Ослын талаарх дуудлага бидэнд 14.30 цагт ирсэн. Замын цагдаагийн бүрэлдэхүүн шуур хай ирээд, хэмжилтээ хийлээ. Та бүхэн байдлыг харж байгаа байх. Том оврын ачааны ав томашин тоормосгүй болж, ухрахдаа долоон автомашин мөргөсөн байна.
-Осол гаргасан машин яагаад автобусаар чирүүлж байсан юм бол. Ер нь том оврын ачаатай машин хотын төвөөр явж болдог юм уу?
-Явах зөвшөөрөлтэй эсэхийг бид шалгана. Шалтгааныг ч мөн шалгаж байж тогтооно. Тиймээс урьдчилан ярих боломжгүй байна гэв. Мөргөлдсөн долоон автомашины хохирлыг хэрхэн шийдэхийг шалгалтын явцад тогтоох гэнэ. Ачааны машины жолоочийн хэлснээр автомашин нь даатгалтай гэсэн. Азаар хүний амь нас хохироогүй байна.
Р.ЦЭЦЭГ