Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүн Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Баяраа, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх өчигдөр хэлэлцэж хэрэгсэхгүй болголоо. Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэрэгт тэднийг буруутгаад байсан юм.
Хоёр жилийн өмнө болсон дээрх хэрэгт Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 153.2-оор буюу бусдын эд зүйлд халдсан, буу зэвсэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр буруутгасныг шүүхээс “Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлсэн” хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгожээ. “Урт нэртэй” хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг эсэргүүцэж яваад тийм байдалд хүрсэн дээрх дөрвөн хүний ард олон монгол хүний нутаг ус, газар шороогоо гэсэн чин сэтгэл, эрхэм хүсэл байсан учраас ялалт байгууллаа.
Монголын ард түмэн цаашид ч шударга үнэний төлөө тэмцэх болно гэдгийг Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний Удирдах зөвлөлөөс мэдэгдлээ.
Л.ГАНЧИМЭГ