“Нарантуул-2” худалдааны төвд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтныг хутгалж гэмтээсэн хэрэг өнгөрсөн даваа гаригийн 12.00 цагийн үед гарсан юм. Цагдаагийн ахлагч Б.Бат-Эрдэнэ нь 42 настай, ээж, гурван эмэгтэй дүү, эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Одоо Цэргийн клиникийн төв госпиталын сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Түүнийг эхнэр нь сахиж буй аж. Түүнээс нөхрийнх нь бие ямар байгааг асуухад “Одоогоор сайнгүй байгаа,эмч нар дотогш орохыг хориглосон” гэв.
Сэхээн амьдруулах тасгийн үүдэнд “Нарантуул-2” худалдааны төвийн махны ченж Э зогсож байв. Тэр өдөр юу болсон талаар түүнээс тодруулахад “Би сүүлийн гурван сар лангуугаа ажилуулаагүй юм. Өнгөрсөн нэг дэх өдөр л нээсэн. Цагдаагийн ажлын өрөө манай лангууны хажууд байдаг юм. Маргалдсан хүмүүсийн нэгийг нь шалгаж байгаад тэр цагдаа хамт гарч ирсэн. Түрүүнд нь явж байсан нөгөө хүн лангуун дээрээс хутга шүүрч аваад хэвлий рүү нь хутгалсан” гэж өгүүллээ.
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг засвартай байгаа тул хохирогчийг Цэргийн клиникийн төв госпиталд хүргэсэн юм байна. Замын түгжрэлээс болж, цаг алдснаас цус их алдаж бие нь их сульдсан байжээ. Яаралтай хагалгаанд 15.40 цагт орж 18.00 цаг өнгөрч байхад гарчээ.
Э.ЦЭЕНДЭРИЙ