МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, бусадтай бүлэглэж улсын эд хөрөнгө завшсан хэрэгт татаад байгаа билээ. Өмнө нь хоёр удаа хойшилсон шүүх хурал энэ удаа бас хойшлов. Өмнөх шүүх хурлын үеэр Н.Энхбаяр өмгөөлөгч Л.Шинэн, Б.Ганбаатар нараас татгалзан Б.Оюунбилэг өмгөөлөгчийг сонгож буйгаа хэлсэн. Гэтэл энэ удаагийн шүүх хуралд Н.Энхбаярын сонгосон өмгөөлөгч ирсэнгүй.
Яагаад ирээгүйг шүүх хурлыг даргалагч С.Соёмбо-Эрдэнэ асуухад Н.Энхбаяр “Манай өмгөөлөгч МАХН-аас УИХ-д нэр дэвшиж байгаа. Нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзах, тэдний санаа бодлыг сонсох гээд асар их ажилтай байдгийг та бүхэн мэднэ. Тэр хүн Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, тойрогтоо ажиллаж байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ хэлсэн учир хурлыг хойшлуулж өгнө үү” гэв. Шүүгдэгчдийн санал хүсэлтийг тэр бүр сонсоод байдаггүй Сүхбаатар дүүргийн шүүхийнхэн Ерөнхийлөгч асны хүсэлтийг шууд үгүйсгэсэнгүй. Харин ч “Та хэд хоногоор хойшлуулах хүсэлтэй байгаа юм бэ” гэж шүүгч С.Соёмбо-Эрдэнэ уриалгахан асуув.
“Улс төрийн зорилгоор энэ хэргийг үүсгэж, шалгаж байгааг Монголын ард түмэн мэднэ. Улс төрийн амьдрал халуухан байгаа энэ цаг үед хэргийг таслах нь надад хохиролтой, асуудлыг шударгаар шийдэхэд ч нөлөөлж болзошгүй. Тиймээс сонгууль дуустал шүүх хурлыг хойшлуулж өгнө үү. Түүнээс гадна хавтаст хэрэгтэй танилцаж дуусаагүй. Энэ хэрэг дотор би өөрөө ч мэдэхгүй, ойлгомжгүй баримтууд цөөнгүй байна. Тиймээс нягталж унших шаардлагатай. Намайг яллаж байгаа Е.Сагсай, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нар Сонгуулийн ерөнхий хороонд албан тоот илгээснээр намайг бүртгэхээс татгалзсан. Та бүхэн хэн нэгний захиалгаар ажиллаагүй, хэргийн үнэн зөвийг олж, шийдвэрлэе гэсэн бодолтой байгаа бол энэ удаагийн шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэв. Түүний хүсэлтийг шүүгчид хэлэлцэхээс өмнө улсын яллагч Е.Сагсай “Өмгөөлөгч УИХ-д нэр дэвших нь хүний эрх ч өмгөөлөг чийн ёс зүйд зааснаар үйлчлүүлэгчийн эрх ашгийг хүндэтгэн үзэх ёстой.
УИХ-ын сонгуулиас болоод шүүхийн тасралтгүй явах зарчим алдагдах учиргүй. Н.Энхбаяр нарт Эрүүгийн хуулийн 150.3, 263.2 дугаар зүйлээр хэрэг үүсгэсэн. Энэ нь хүндэвтэр гэмт хэрэгт ха маарна. Тиймээс заавал өмгөөлөгч оролцох шаард лагагүй гэсэн хуулийн заалт бий. Шүүх хурлыг энэ удаа хойшлуулах боломжтой ч долоо хоногоос хэтрүүлэхгүй хийх ёстой гэж бодож байна. Н.Энхбаярт өмгөөлөгч Б.Оюунбилэгээс өөр хүн сонгох, эсвэл томилсон өмг өөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, эсвэл өмг өөлөгчгүй оролцох боломж бий” гэв. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хүсэлтийг хэ лэлцээд хуульд заасан үндэслэлтэй хүсэлт гаргасан учир энэ сарын 21-ний 10.00 цаг хүртэл хурлыг хойшлуулж буйгаа мэдэгдэв.
Н.ЭНХБАЯР: -ТӨР НЭГ ИРГЭНИЙХЭЭ ЭСРЭГ ХҮЧ ТҮРЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Өмнөх шүүх хуралд суусан гадаадын ажиглагч, сурвалжлагчид энэ удаа ч ирсэн байв. Н.Энхбаяр хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчгүй байсан ч хүү Э.Батшугар нь хоёр дүүгийнхээ хамт ирсэн. Цагдаагийн ажилтнууд тэднийг насанд хүрсэн, эсэхийг асуун, бичиг баримтаа үзүүлэхийг шаардав. Олны анхаарал татсан энэ хэргийн талаар баримтат кино хийхээр болсон аж. “Монгол кино” үйлдвэрийн баримтат киноныхон том, хурц гэрэл асааж бичлэг хийсэн нь шүүгчид болоод хуралд оролцогсдыг багагүй бухимдуулав. Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна цугласан намын нөхөд, дэмжигчид нь Н.Энхбаярыг хараад “Үнэн ялна, шантрах хэрэггүй. МАХН мандтугай” гэж хашгирахад тэрбээр гараараа даллан мэндчилэв. Тэрбээр хэдэн хором саатан, сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм.
-Нэг хүний эсрэг төрийн бүх байгууллага, тэр дундаа шүүх, хяналтын байгууллага ажиллаж байгааг та бүхэн харж байгаа. Энэ бүхний эсрэг би ганцаараа тэмцээд хүчин мөхөсдөж байна. СЕХ хууль бус үндэслэлээр намайг бүртгэхээс татгалзан, эрхийг минь хязгаарлалаа. Шударга шийдвэр гаргаж, үнэн бодит байдлыг тогтоох гэж байгаа бол шүүх хурлыг сонгуулийн дараа хийх ёстой гэж би бодож байна. Яагаад заавал сонгуулийн өмнө хийх гэж улайраад байгаа юм бэ. Ардчилсан Монгол оронд хүний эрхийг илт бүдүүлгээр зөрчин, яллах гэж байгаад би харамсаж байна. Шүүх, хяналтын байгууллага хүний амьдрал, хувь заяаг шийдэх гэж байгаа учир улс төрөөс хараат бус байж, сонгуулийн дараа шүүх хурлыг хийвэл шударга шийдвэр гарна гэж би бодоод шүүхэд хүсэлтээ гаргасан. Шүүхийн ажилд улстөрчид гараа дүрж, нөлөөлж болохгүй гэдгийг би хэлмээр байна гэв.
Х.ОЮУНСҮРЭН