Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нар СЕХ-нд албан бичиг хүргүүлснээр Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан. Нэр дэвшигчийн талаар яагаад албан тоот явуулсныг Нийслэлийн прокурорын орлогч, Е.Сагсайгаас тодруулахад “Н.Энхбаяр нарт холбогдох хэрэгт прокурорын байгуул лагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг хэлэлцэх гэсэн боловч шүүгдэгчээс шалтгаалан хоёр удаа хойшлоод байна.
Шүүн таслах ажиллагаа тасралтгүй явагдах, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмуудыг хэрэгжүүлэх үүднээс улсын яллагчийн хувьд албан үүргийнхээ дагуу шүүхэд хандсан. Сонгуулийн ажилд хуулийн байгууллага оролцоогүй. Харин шүүн таслах ажиллагаа үргэлжилж байх явцад сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлсэн шүү дээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд “Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно”. Прокурорын байгууллагын тухай хуулийн хоёр дугаар зүйлд “Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжил тийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэгтэй” гэж заасан. Тиймээс Н.Энхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс шүүхэд хандсан” гэв.
Х.ХАНГАЛ