Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр болж байна. Энэ өдрийг угтаж Хар тамхи, мансуурлаас иргэдийг хамгаалах нийгэмлэгийнхэн олон ажил хийж байгагаа хэвлэлийнхэнд дуулгав. Тус нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэнгээс хар тамхины хэрэглээ манай улсад хэрхэн нэмэгдэж байгаа, иргэдээ хамгаалахын тулд ямар ажил хийж буйг нь сонирхлоо.
-Та бүхний хийсэн судалгаагаар хар тамхи хэрэглэж үзсэн, байнгын хэрэглэгч болсон хүмүүсийн ихэнх нь өсвөр насныхан байгааг тогтоожээ. Хэзээ хийсэн судалгаа вэ?
-Хар тамхи хэрэглэгч байгаа гэдэгтэй маргах хүн өнөөдөр байхгүй. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатарт архинд донтогч, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид өсвөр үеийнхний дунд олон байгаа нь тогтоогдсон. Судалгаанд хамрагдагдсан 18-24 насны залуу сын 36 нь кан набис, 18 нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулсан. Судалгаанд оролцсон 1000 залуугийн 436-д нь хар тамхи хэрэглэх санал тавьж байжээ. Энэ судал гаанаас харахад 100 мянган хүн тутмын 2700 нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлдөг эм, бэлдмэл, бодис хэрэглэдэг, 21800 хүнд хэрэглэх санал тавьсан байх магадлалтай гэсэн дүн гарлаа.
-Танай байгууллага олон жилийн өмнөөс энэ чиглэлээр судалгаа хийж ирсэн. Хар тамхи хэрэглэгчид, мансуурагчид байнга нэмэгдэж байгаа гэж ярьдаг. Тэд хар тамхиа хаанаас авдаг, яаж хэрэглэдгээ та бүхэнд хэлдэг үү?
-Бид эхний судалгаагаа 1999 онд хийж байсан. Тэр үед улсын хэм жээнд хар тамхи хэрэглэгч 45 хүн байсан бол 2006 онд 410, одоо 10 мянга болж өсчээ. Мансуурагчдын 63 хувь нь ууж, 18 хувь нь татаж, долоон хувь нь үнэрлэж, 12 хувь нь тарьж хэрэглэдэг. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид жилээс жилд нэмэгдэж буйг зөвхөн судалгаанаас бус энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын тооноос харж болно. Дөрвөн жилийн өмнө энэ төрлийн гэмт хэрэгт 19 хүн холбогдож байсан бол дараа жил нь 39, 2010 онд 169, 2011 онд 98 хүн холбогдон хуулийн дагуу хариуцлага хүлээжээ. Энэ оны эхний нэг сард 10 холбогдогчтой дөрвөн хэрэг бүртгэгдээд байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн. Олон улсын жишгээр нэг хэрэглэгчийн ард 10 хүн байдаг гэж бодохоор манай улсын хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ, өнөөгийн нөхцөл байдлыг харж болохоор байна.
-Та бүхэн иргэдээ хамгаалахын тулд ямар ажил хийж байна вэ?
-Хар тамхи хэрэглэж, донтохоос нь өмнө бид иргэдээ хамгаалах нь чухал. Ганцхан төрийн бус байгууллага тэмцээд үр дүн бага. Тиймээс бид ний тээрээ тэмцэх учиртай. Манай судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхэн хар тамхины хор хөнөөлийг сайн мэддэггүй байсан. Тэд хар тамхи хэрэглээд мансуурч, таашаал авдаг, хүч нэмдэг, сэргэдэг гэх мэт ойлголттой явж иржээ. Тиймээс дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн хичээл оруулах гарцаагүй шаардлагатай. Хар тамхи хэрэглэдэг цөөнгүй иргэн бидэнд ханддаг. Бид ухуулах, сурталчлах ажил хийж, сэтгэл зүйд нь нөлөөлөхийг хичээдэг. Ерөнхийлөгч хар тамхи, мансуурах бодистой хатуу тэмцэхээ мэдэгдэн, хууль санаачлах Ажлын хэсэг байгуулсан болохоор бидний ажил илүү үр дүнд хүрч, өсвөр үеэ цагаан тахлаас хамгаалах ажилд ахиц гарна гэдэгт итгэлтэй байна.
Х.ОЮУН