Зургаан удаа хойшилсон цагдаагийн дарга нарын гэх хэргийг шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 11.20 цагт эхэллээ. Шүүх хурлын ирцээс харахад хойшлох нь бараг тодорхой байв. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс хоёр нь ирээгүйн дээр хошууч генерал Ч. Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил шинээр ажиллахаар болжээ. Тэрбээр өмнөх өдөр нь энэ тухай мэдсэн учир хавтаст хэрэгтэй танилцах ямар ч боломжгүй байснаа шүүх бүрэлдэхүүнд танилцуулав. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс томилсон өмгөөлөгч Ж.Батхүү, Х.Өнөрбаяр нар шүүх хуралд ирсэнгүй. Учир нь тэд “Шүүх өмгөөлөгч нарын хүсэлтийг огт хэрэгсдэггүй, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрхийг хамгаалах боломж олгоогүй. Түүнээс гадна энэ өдөрөөр ажилтай” гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хурандаа О.Зоригт өмгөөлөгчөөсөө татгалзан, М.Оюунцэцэг өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулсан ч тэрбээр бас ирсэнгүй. Шүүгдэгчид цагдан хоригдсоноосоо хойш 5-8 өмгөөлөгчтэй уулзсан юм байна. “Шүүгчид Эрүүгийн болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг байнга зөрчиж байхад бид ажил хийх боломжгүй” гэж өмгөөлөгчид хэлснийг шүүгдэгчид хурлын үеэр хэлж байв. Хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нар “Хууль эрх зүйн туслалцаа авах боломжоор хангаж өгөөч. Шинээр томилогдсон өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй танилцах боломж олгоно уу. Бид хуулиа хэнээс ч илүү мэдэх учир эрүүл мэндийн байдлыг харгалзан батлан даалтад гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсныг шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар хэлэлцэхээр түр завсарлав.
Хошууч генерал Ч. Амарболд, хурандаа О.Зоригт нар хүнд мэс засал хийлгээд 9-12 хонож байгаа. Гар нь байнга салгалж, сайн явж чадахгүй байгаа хурандаа О.Зоригтыг босож, суухад нь шүүгдэгчид нь тусалж байв. Шарх нь эдгээгүй учир бие нь тавгүй байгаа бололтой тэрбээр хананд толгойгоо нааж, сандлынхаа түшлэгийг байнга налж сууж байв. Хошууч генерал Ч. Амарболд байн байн гэдсээ дарж, дуу нь сулхан байгаа нь анзаарагдав. Шүүх хурлыг даргалагч Ч.Хосбаяр хуралд ирээгүй өмгөөлөгчидтэй хариуцлага тооцохоо мэдэгдээд өмгөөлөгчгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргав. Өмгөөлөгч Ж.Яринпил Ч.Амарболдыг өмгөөлөхийн тулд хавтаст хэрэгтэй танилцах шаардлагагүй гэж шүүгч Ч.Хосбаяр хэлэв. Учир нь шүүх хурлын явцад хэргийн талаар задлан шинжилгээ хийх боломжтой гэж тэрбээр тайлбарлав. Ийм хурдан шийдэж болох байсан юм бол цагдаагийн дарга нарыг ингэж олон сар хорьж, өмгөөлөгч сонгох эрхийг нь хаах хэрэг байсан юм уу.
Шүүх хурлын явцаас харахад шүүгчид “Хэнийг ч, яаж ч шийтгэж, яллах нь бидний эрх” гэсэн байр суурьтай байгаа нь мэдрэгдсэн. Түүнээс гадна хуулиа биелүүлдэггүй шүүх, шүүгчидтэй нүүр тулах өмгөөлөгч олдохгүй байгаа нь анзаарагдлаа. Хурандаа О.Зоригтод хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хү сэлтийг хуралд оролцогчид шүүгч дэд тавих гэсэн боловч “Хүсэлт хүлээж авахгүй. Хаалттай шүүх хурал учир сэтгүүлчдийг шүүх танхимаас гарга” гэж шүүх хур лыг даргалагч мэдэгдлээ. “Энэ удаагийн шүүх хурлаар тэднийг яллах нь тодорхой боллоо” хэмээн хуралд оролцсон хүмүүс ярьж байв. Ч.Хосбаяр тэргүүтэй шүүг чид “Энэ хэрэг тийм ч ноцтой асуудал биш. Заавал өмгөөлөгчтэй байх ч шаардлагагүй” гэж тайлбарласнаар шүүх хурал хаалттай үргэлжлэв. Улсын яллагч С.Хишигжаргал, Ц.Уртнасан нар цагдаагийн дарга нарыг Эрүүгийн хуулийн 274.2, 294.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх хурал бүтэн өдөр үргэлжилсэн ч сонины дугаар хэвлэлтэд шилжих мөчид дуусаагүй байлаа.
Х.ОЮУНСҮРЭН