Булган аймгийн Рашаант суманд зам тээврийн ноцтой осол болсны улмаас хоёр хүн нас баржээ. Тус сумын нэгдүгээр багийн Бичигт хад гэдэг газарт уржигдар үүрээр хот хоорондын зорчигч тээврийн УНӨ-8849 дугаартай “Стана” маркийн бага оврын автобус УНО-8761 дугаартай “Хьюндэй” маркийн хүнд даацын ачааны машинтай мөргөлдсөн байна. Дээрх ослын улмаас бага оврын автобусанд зорчиж явсан 51 настай эмэгтэй газар дээрээ нас барсан бол хүндээр бэртээд сумын эмнэлэгт эмчлүүлж байсан гурван настай охин өчигдөр амиа алджээ.
Рашаант сумын эмнэлэгт тархи, нуруу нугасны гэмтэлтэй таван хүн эмчлүүлж байсан бөгөөд өдгөө талийгаач охины ээжийн биеийн байдал хүнд байгаа гэдгийг эх сурвалж хэлэв. Ослын шалтгаан нөхцөлийн талаар тус сумын Засаг даргаас тодруулахад “Бага оврын автобусанд зорчиж явсан 20 хүн нэлээд хүнд гэмтсэн. Тэднээс хөдөлгөх боломжгүй таван хүнийг энд эмчлэхээр үлдээж, бусдыг нь Улаанбаатар руу хүргүүлсэн байгаа.
Ачааны автомашинд байсан таван хүний бие харьцангуй гайгүй. Ослын шалтгааныг тогтоохоор цагдаа нар ажиллаж байна. Хүмүүсийн хэлж байгаагаар бага оврын автобус засмал зам дээр хурд хэтрүүлсэн, нөгөө ачааны машиных нь жолооч үүрэглэсэн бололтой юм билээ” гэв.
Л.Аргамжин