“Шүүх хурал, өмгөөлөгчийн талаар бодох зав надад алга. Ханийнхаа эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ хийхийг зорьж байна” гэж хошууч генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэл ярив. Бидэнтэй ярилцахыг зөвшөөрсөн ч хэргийн талаар асуухгүй байхыг тэрбээр хүссэн юм.
-Сайн байна уу, та. Ч.Амарболд генералын биеийн байдал ямар байгаа талаар яриагаа эхэлье. Зарим нэг хэвлэлд хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн гэх юм?
-Бие нь их тааруу байгаа. Эмч, сувилагч нар шаардлагатай шинжилгээ, эмчилгээ хийж эхэлсэн. Гэвч архаг шиж хүндэрсэн өв чин нь олигтой илаар шиж өгөхгүй байх шиг. Турж эцээд, ядраад, хоол унданд муу болсон. Чихрийн шижин өвчний хүнд рэл болж хөл нь өвдөж, хараа нь муудсан. Элэг нь хатуурсны зэрэгцээ өөр өвчний голомт байна гэж эмч нар оношилсон. Миний хувьд санаа зовж үймрээд, заримдаа яах ч учраа олохгүй юм. Болдогсон бол элэг, хөлнийх нь эмчилгээг гадаадад хийлгээд, тэнхрүүлэхсэн. Сайхан сэтгэлтэй хүмүүс туслах болов уу гэж найдаж сууна.
-Генерал ажлаа хийж байхдаа өвдлөө, зовлоо гэж дуулддаггүй байсан. Харин энэ хэрэгт шалгагдсанаасаа хойш бие нь эрс муудсан юм шиг санагддаг. Хэзээнээс өвдөж эхлэв?
-Миний нөхөр ажлаа хийж байхдаа биеэ огт боддоггүй, хагас, бүтэн сайнд ч амардаггүй байсан нь өвчин тусах суурь болсон байх. Өвдсөн ч тоодоггүй яваад байдаг юм. Залуудаа бие сайтай, бараг ханиад ч хүрдэггүй байсан. Манай хүн үүрэг авсан бол бүх зүйлээ мартаад түүнийхээ хойноос нойр, хоолгүй зүтгэчихдэг зантай. Тиймээс ч хүнд, хэцүү цаг үед амь биеэ хайрлалгүй ажилласан. Ялангуяа, 1990-ээд оноос хойш бараг өдөр бүр жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт болж байхад хань маань тэднийг зохицуулж, хамгаална гээд нойр хоолгүй ажилладаг байсныг хамт олон, хүмүүс мэднэ. Гэртээ ирэхгүй 10 хоног ажиллах бол энүүхэнд.
Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэл 20 гаруй хоног нөхрөө сахиж байна
2012.05.28 Клиникийн III эмнэлэг
Хүнд, ноцтой хэргүүд, ойн түймэр, олон удаагийн онгоцны осол гээд мөн ч их явсан даа. Төрийн ажил гэдгийг бид ойлгож, ар талдаа санаа зовохгүй, ажлаа хийхэд нь дэмждэг байсан. Гэтэл ажилдаа бие, сэтгэлээ зориулсных нь хариуд хийгээгүй хэрэгт хилсээр буруутгаж буйд Монголын төрд гомдох юм. Энэ хэрэгт шалгагдаж буй хүмүүс ажлаа хийсэн болохоос хүн буудаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. 2003 оноос хойш чихрийн шижин өвчний шинж тэмдэг илэрсэн. Ажил ихтэй болохоор тухайн үед олигтой эмчилгээ хийлгээгүй. Хүн сэтгэлийн амьтан гэдэг үнэн юм. Хилс хэрэгт гүт гэгдсэнээс хойш бие нь эрс муудсан. Тураад, нойр, хоолонд муудаад, их ядардаг болсон нь элэг, дэлүү муудсантай холбоотой гэж эмч нар хэлсэн. Миний хань надад, үр хүүхдэдээ хэрэгтэй. Түүнд маань сайн эмчилгээ хэрэгтэй байгааг ойлгоосой.
-Хүний эрүүл мэнд хамгийн чухал. Та болон өмгөөлөгчид нь түүнийг саатуулсан цагаас эхлэн эрүүл мэнд нь муу байгааг хэлж, батлан даалтад авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Бүр дордсон үед нь эмнэлэгт шилжүүлэх шиг боллоо?
-Сүхбаатар дүүргийн шүүхэд батлан даалтад гаргах хүсэлтээ удаа дараа гаргасан ч тухай бүр татгалзсан хариу өгч байсанд би их гомддог. Өвчтэй хүнд хүн ёсоор хандаж, эхнэрийх нь асаргаанд байлгаж, эмчлэн сувилуулж яагаад болдоггүй юм бэ. Ямар хатуу хууль, шүүх вэ? Батлан даалтад гаргахгүй байгаа хүмүүс хүний эрүүл мэнд хамгийн үнэ цэнэтэй гэдгийг мэддэг л баймаар. Заавал хорьж тарчлаах нь хуулийн зорилго биш биз дээ? Ер нь миний нөхрийг яасан гэж хориод байгаа юм бэ. Заавал шоронд үхүүлэх гээд байгаа юм уу? Би хуульч биш л дээ. Хүний эрх дээдэлсэн, ардчилсан нийгэм цогцлоож байгаа Монгол Улс ийм хуулийн байгууллагатай юм гэж үү? Харгислал, тарчлаан зовоох явдал түүхэнд байсныг бид бүхэн мэднэ. Харин XXI зуунд энэ байдал үгүй болж ардчилсан төр, хуультай боллоо гэж буруу ойлгож явжээ.
-Сүхбаатар дүүргийн шүүгчид “0461 дүгээр ангийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх боломжтой” гэдэг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Хэр зэрэг эмчилгээ хийж байсан юм бол?
-Цагдан хорих төвийнхөн өөрийнхөө боломж бололцоогоор эмчилж, сувилж байсан гэсэн. Хэрэв тэгээгүй бол үүнээс ч дор орох байсан байх. Гэхдээ 0461 дүгээр анги гэдэг хорих байгууллага болохоос төрөлжсөн эмнэлэг биш. Ийм хүнд өвчтэй хүнийг тэнд эмчлэх боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ.
-Цагдаагийн дарга нарыг батлан даалтад гаргахад тэд мөрдөн байцаах ажилд саад учруулахгүй, оргон зугтахгүй гэдгийг олон хүмүүс хэлдэг. Гэтэл яагаад батлан даалтад гаргадаггүй юм бол. Уг нь ар гэрийнхэнтэйгээ ойр байж, эмчилгээ хийлгэвэл хүний сэтгэл зүйд ч эергээр нөлөөлөх байх?
-“Хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нарыг цагдан хорих ямар ч шалтгаан байгаагүй” гэж хань маань хэлдэг. Хилс хэрэгт холбогдож, прокурор, шүүхийн хаалга татаад дөрвөн жил орчим боллоо. Тэд дуудсан цагт нь очоод, шаардлагатай мэдүүлгээ өгч, хуулиа хүндэтгээд л явсан. Миний хань хууль зөрчих хүн биш. Гэтэл шүүгчид “Мөрдөн байцаалтад саад учруулж бол зошгүй” гээд л хорьчихсон. Энэ чинь хүний эрхийг зөрчиж байна шүү дээ. Би энэ тухай зөндөө ярьсан, явсан.
Өнөөдөр Монголд хүний эрхийг хамгаалдаг, өмгөөлдөг газар, хууль зөрчиж байгааг анхаардаг байгууллага, албан тушаалтан алга. УИХ, Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, хүний эрхийг хамгаалдаг нэртэй байгууллага олон ч мэдээгүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий явааг хараад харамсаж байна. Заримдаа үнэн үг хэлдэг, бусармаг явдлын эсрэг дуугардаг хүн цөөрч, айдаст автсан үе нэгэнт эхэлчихсэн юм шиг санагдах юм. Хэлмэгдүүлэлт ингэж л эхэлдэг юм байна.
-Одоо ямар эмчилгээ хийж байна вэ. Хэдийгээр эмнэлэгт байгаа ч бас харуул хамгаалалттай байгаа. Энэ нь эмчилгээнд нөлөөлж байна уу?
-Одоо элэг, чихрийн шижингийн эмчилгээ хийж байгаа гэж эмч нар нь хэлсэн. Гэсэн ч ядраад, сульдаад байх юм. Ойрын үед элгэнд нь дахин шинжилгээ хийнэ гэсэн. Харуул хамгаалалттай ч клиникийн эмнэлэг болохоор арай өөр шүү дээ. Миний нөхрөөс гадна хурандаа О.Зоригтын бие их тааруу байна. Би хүний эрүүл мэндийн байдлыг дэлгэх эрхгүй ч зарим хүн “Цагдаагийн дарга нар хорих шийдвэр гарангуут өвдөөд эхэлсэн” гэж буруу ойлгоод байх юм. Эрүүл мэнд нь яаж дордож буйг харсаар, мэдсээр байж дуугүй байж чадахгүй нь.
-Хэрэгт татагдсан цагдаагийн ар гэрийнхэн хүний амь нас хохирсон хэрэгт буруутгаж байгааг эсэргүүцдэг. Та ханийнхаа ажил байдлын талаар болон, долоодугаар сарын 1-нд хэрхэн ажиллаж байсан талаар яриач?
-2008 оны долоодугаар сарын 1-ний өглөө ажилдаа яваад маргааш өглөө нь гэртээ хам хум орж ирээд л гарсан. Үймээнийг би бусадтай адил зурагтаар харсан. Үймээнд оролцогсод ямар танхай, балмад авир гаргаж байлаа. Би зурагтаар үзэж байгаад сүүлдээ санаа зовоод утасдсан юм. Гэтэл утас нь байнга яриад, холбогдох боломжгүй байсан. Гэр рүүгээ ч залгахгүй болохоор нь аргаа бараад жолоочтой нь хоёр удаа ярихад “Ямар ч завгүй ажиллаж байна” гэж хэлсэн. Сүүлд энэ хэрэг гүтгүүлээд шалгагдаж байхдаа “Байлдааны сум хэрэглэхгүй байх үүрэг би өгсөн. Үүнийг олон баримтаар нотолдог. Сургуулийн болон резин сумаар цагдаа хүн буудаж хөнөөх ямар ч үндэс байхгүй. Энэ хэргийг цагдаа шалгасан бол эзнийг нь олох л байсан. Даанч тийм боломж олгоогүй. Зөвхөн цагдааг буруутгах зохион байгуулалттай ажил болчихлоо доо” гэж хэлж байсан. Тэр орой хамгийн зав чөлөөгүй, бүх чадлаараа ард олноо аюул гамшгаас хамгаалсан хүмүүс өнөөдөр буруутан болох ч гэж дээ.
-Энэ хэрэгт хэн буруутай гэж та боддог вэ?
-Та долоодугаар сарын 1-ний үймээнийг хэлж байна уу?
-Тийм ээ.
-Хэн, хэн зохион байгуулсныг та бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Тэдний хэргийг прокурор хэрэгсэхгүй бол гочихсон гэсэн биз дээ. Түмэн олон мэдсээр байхад төр засаг нь анхаарч, бүх талаас нь авч үзэж, зөв мэргэн шийдвэр гаргаагүйгээс л хууль зөрчин, хилс хэрэгт хэдэн цагдааг илэрхий буруутган, яллах гээд байна. Энэ хэлмэг дүүлэлтийг таслан зогсоох төр засаг, шударга дуу хоолой Монголд байна уу? Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахыг эрхэм болгодог гэж ярьдаг улстөрчид өө, хүний амь, амьдралаар тоглохоо болиоч ээ гэж хэлмээр байна.
Х.ОЮУНСҮРЭН