Гадаадын иргэдээр хар тамхи тээвэрлүүлэн хүлээн авдаг байсан монгол эмэгтэйг цагдаагийн ажилтнууд хэд хоногийн өмнө баривчилжээ. Энэ эмэгтэйн талаар цагдаагийнхан дэлгэрэнгүй мэдээлэхээс татгалзаж буй юм. “Түүний цаана бүхэл бүтэн сүлжээ байж болзошгүй хэмээн сэжиглэж, тэр бүгдийг мухарлах үүднээс ийн нууцалж байгаа” гэж мөрдөгчид тайлбарлав.
Бидэнд олдсон мэдээллээр бусдын амь, амьдралыг золиослон “цагаан тахал” хүлээн авагч тэр эмэгтэйг А гэдэг. Улаанбаатар хотын харьяат, 33 настай аж. Түүнийг цагдан хорьжээ. Түүнд аюултай ачаа дамжуулахаар Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор энэ сарын 15-нд Монголд ирсэн филиппин эмэгтэйг мөрдөн байцаагаад дуусаж байгаа аж.
Тэрбээр дээрх онгоцоор ирэхдээ тээшиндээ таван кг орчим героин хэмээх мансууруулах бодис нуусан байсан нь манай гаальчдын хараанаас мултарч чадаагүй юм. 44 настай энэ эмэгтэй урьд нь манай улсад хоёр удаа ирж байжээ. “Өмнө нь хоосон ирээгүй нь лавтай” гэж мөрдөн байцаагчид таамаглаж буй ч аюултай бараа зөөсөн гэх баримт одоогоор олдоогүй аж. Тэрбээр Монголд ирэхээсээ өмнө Энэтхэгт 20 гаруй хоноод БНСУ-аар дамжин Улаанбаатарт буужээ. Зарим эх сурвалжийн таамаглаж буйгаар түүний авчирсан хар тамхи Энэтхэгээс гаралтай байж болзошгүй гэнэ.
Д.ДАГВА