Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхээс дахин шалгуулахаар болжээ. Түүнийг 2006 оноос нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан.
Уг албан тушаалыг хашиж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан хэрэгт буруутгаж байгаа. Гэвч түүнийг буруутгаж буй ялын зүйлчлэл болон учруулсан хохирол нь тодорхойгүй гэж үзэж буй аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн үед Ц.Болдын үйл ажиллагааг хянах ёстой байсан Нийслэлийн тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга П.Дэлгэрнаран хууль бус заавар өгч байснаас их хэмжээний мөнгө хувь хүний дансанд орж байжээ. Тодруулбал, БНХАУ-ын иргэн цас хайлуулах бодис авахаар нэгэн хувь хүний данс руу мөнгө шилжүүлж байж.
Уг нь аливаа бараа үйлчилгээг худалдан авахдаа тендер зарлах ёстой байтал тендергүйгээр Хятадын нэг компанийг шалгаруулж, эзнийх нь хувийн данс руу мөнгийг нь шилжүүлж байснаас ийм хууль бус явдал болсон аж.