Хуурамч карт ашиглан автомат машинаас мөнгө авдаг байсан гадаадын иргэдийг цагдаагийн байгууллагын ажилтнууд баривчилжээ. Украин улсын иргэн 33 настай Сергей, 24 настай Юрий нар Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байдаг арилжааны банкны АТМ-уудаас хуурамч карт ашиглан 13 удаагийн үйлдлээр 100 гаруй сая төгрөг авсан байна.
Мөнгө завшсан тэдний тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 23-нд ирсэн аж. ЭЦГ, УМБГ, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд тэр даруйд шуурхай ажиллаж, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлснээр сэжигтнүүдийг хил давахаас нь өмнө баривчилсан байна.
Украины иргэн Сергей, Юрий нар тавдугаар сарын 24-ны онгоцоор Улаанбаатар-Москва чиглэлд явах тийз худалдан авсан байжээ.
Г.РАВЖАА